Аймгийн Үндэсний Бөхийн холбооноос аймгийн Онцгой комиссод хандив өглөө

2020 оны 03-р сарын 09-ны байдлаар аймгийн Онцгой комисст 8 аж ахуй нэгж байгууллагаас 22 сая төгрөгийн мөнгөн хандив, эд зүйлийг өгчээ. Эдгээр хандив, эд зүйлсийг аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын алба хаагчдад хүргэж байгаа юм.

Өнөөдөр Аймгийн Үндэсний бөхийн холбоо, “Хутагтын хүчтэн” дэвжээнээс 5 сая төгрөг, 2000 ширхэг амны хаалтыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.

Аймгийн арслан Б.Баатархүү “Аймаг орон нутгийн зүгээс нутгийнхаа бөхчүүдэд байнга дэмжлэг үзүүлдэгт талархдагаа илэрхийлээд коронавирусийн халдвар орон нутагт маань илэрсэн энэ  хүнд цаг үед нутгийн бөхчүүдийн зүгээс цаг наргүй ажиллаж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад бага ч гэсэн дэм болохыг хүссэн” гэдгээ онцолсон юм. Харин аймгийн начин С.Дорждагва “Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг иргэн бүхэн мөрдөж үүргээ гүйцэтгэж буй алба хаагчдын шаардлагыг хариуцлагатай биелүүлэх”-ийг уриаллаа.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 23 постонд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв зэрэг байгууллагын 30 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цугларсан мөнгөн хандив, эд зүйлсийн зарцуулалтыг ил тод нээлттэй мэдээллэх үүргийг 2020 оны 03-р сарын 09-ны аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин Онцгой байдлын газарт үүрэг болгосон юм.

Nyamtsetseg

Nyamtsetseg

https://dmedia.mn

МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Телевиз, сонин, сайтад ажиллаж байсан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.