Г.Энхцэцэг: Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол оруулна

 Г.Энхцэцэг: Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол оруулна

Аймгийн эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байгаа вэ?
-Нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн салбар шинэ коронавирусаас сэргийлэх ажилд идэвхжиж ажилласан. Тухайн үед Эрүүл мэндийн газраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүнд бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарч байсан бол нэгдүгээр сарын 24-нд дахин үнэлгээ хийхэд эрсдэлтэй гэж гарсан байдаг. Энэ хугацаанд бид иргэдийг шинэ төрлийн коронавирусаас яаж урьдчилан сэргийлэх тухай иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахаар ажилласан. Хоёр дахь томоохон хийсэн ажил бол эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэл өгөн ажиллав.

-Өнгөрсөн хугацаанд манай аймгийн хэмжээнд нийт хэчнээн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Нийт бидний илрүүлж хяналтад авсан 437 тохиолдлоос нэг тохиолдлын онош батлагдсан байгаа. Онош гуравдугаар сарын 10-нд Франц Улсын иргэн Б Улаанбадрах сумын “Бадрах Энержи” уурхайн Зөөвч овоо кемп дээр илэрсэн. Тус кемп дээр байсан 58 иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээсэн. Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн энэ хүнтэй галт тэргээр цуг ирсэн 35 хүнийг хяналтад авч нэг удаа шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар /2020.03.17/ 106 тохиолдол ажиглалтад байна.

-Бэлэн байдлыг хангахад ямар асуудал дээр төвлөрч ажилладаг вэ?

-Бэлэн байдал гэдэг нь өвчлөл гарсан тохиолдолд хаана өвчтэй хүнийг тусгаарлах вэ, хэдэн ортой эмнэлэг дэлгэх вэ, хүний нөөц сургагдсан уу, тэнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бэлдмэл, хамгаалах нэг бүрийн хувцас хэрэглэл нөөц ямар байна вэ гэх мэт ажлуудад анхаарлаа хандуулдаг.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эрүүл мэндийн салбарынхан өөр ямар чиглэлийн дагуу зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хоёр пост буюу Замын-Үүд, Айраг суманд иргэдийн эрүүл мэндэд хяналт тавьж байна. Мөн автомашин халдваргүйтүүлэх ажилд зааварчилгаа өгч ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллага сургалт, сурталчилгаан дээр анхаарч байна. Коронавирус нь дуслаар халддаг тул халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж салбар хоорондын хамтын ажиллагааг нягт уялдаатай болгохын төлөө хичээж байна. Сайншанд сумын хэмжээнд халдваргүйтлийг өргөн хүрээнд хийж өнөө маргаашдаа төлөвлөгөөний дагуу дуусгавар болгохоор ажиллаж байна. Замын-Үүд суманд халдваргүйтгэлийн ажил хийгдсэн.

-Төсөв мөнгөний хүрэлцээ хэр хангалттай байгаа вэ. Шаардлагатай эм, хувцас хэрэглэл, багаж төхөөрөмж, унааны шатахуун, ариутгалын бодисын нөөц хэр байгаа вэ?

-Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд Аймгийн Засаг дарга өөрийн эрсдэлийн сангаасаа 30.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хувцас хэрэгслээр хангасан. Эрүүл мэндийн яам, Засгийн газраас 20.4 сая төгрөгийн хамгаалах хувцас хэрэгслийн зардалд дэмжлэг үзүүлсэн. Эмнэлгүүд хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангагдаж тодорхой хэмжээний нөөцтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Коронавирусийн эхний үед манай аймгийн хэмжээнд улирлын томуугийн хэмжээ маш өндөр байсан. Томуугийн дэгдэлтийн үед Аймгийн Засаг дарга газар дээр нь очиж танилцан 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн тасаг, дотор, халдвартын тасгуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийсэн. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр орон нутгийн удирдлагууд тодорхой анхаарч ажилласан. Мөн эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах журмаар тэдний дархлааг дэмжих зорилгоор дөрвөн сая төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн.

-Цаашид юунд илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа вэ?

-Коронавирусийн дэгдэлтийн тохиолдолд ажиллах нөхцөлийн бэлтгэлийг хангаж байна. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба гэж байдаг. Тус алба нь Эрүүл мэндийн газарт ажилладаг. Тохиолдлын удирдлагын тогтолцоо гэдгийг идэвхжүүлээд дөрвөн баг гарган ажиллаж байна. Дөрвөн багт, төлөвлөлтийн баг, хариу арга хэмжээний баг, эрсдэлийн баг, санхүү нөөцийн баг гэж хуваагдсан. Эдгээр дөрвөн баг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйл ажиллагааг төлөвлөж ажилласан тул онош батлагдсан халдварын тархалтыг зогсоосон. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол оруулан ажиллахаар бэлтгэл ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Гамшгаас хамгаалахын тулд хүний нөөцийн байдлаар тодотгол хийлээ. Хүний нөөц дээр Анагаахын салбар сургуулийн эмч, багш нар, сувилагч, төгсөх ангийн оюутнуудыг дайчлан ажиллах талаар тус сургуулийн захиралтай гэрээ байгуулсан. Мөн сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа эмч нарын нэрсийг гаргаад аймгийн Боловсрол соёл урлагийн газартай гэрээ байгуулсан тул шаардлагатай үед дайчлан ажиллах болно. Мөн эрүүл мэндийн салбарын ахмад ажилтнуудын нэрсийн жагсаалтыг гаргасан. Эмнэлгүүдийн орны нөөцийг бэлэн болгосон. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55 ортой тусгаарлах халдвартын эмнэлгийг бэлдсэн. Одоо 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орвол 50 ортой тусгаарлах эмнэлэг бий болох боломжтой. Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 25 ортой тусгаарлах ор нэмэлтээр дэлгээд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар найман хүнийг тус эмнэлэгт тусгаарласан. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр өнөөдрийн байдлаар тусгаарласан хүн байхгүй. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн тоо нэмэх журмаар хувийн хэвшлийн эмнэлэг, өрхийн эмнэлэг, сумдын эмнэлгийн тоог гаргаж байгаа. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг нэмэгдүүлэх судалгаа гаргаж ажиллаж байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.