Онцгой комисс “ОНЦ”

 Онцгой комисс “ОНЦ”

Дэлхийн 173 улсад тархаад байгаа шинэ төрлийн /COVID-19/ Коронавирусийн халдварыг ДЭМБ-аас “Цар тахал”-ын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэв. Энэ нь өвчний тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй байгааг дэлхий дахинд анхааруулсан дохио юм. Одоогийн байдлаар /COVID-19/ Коронавирусийн халдварын нөхцөл байдал Азийн орнуудад намжих төлөвтэй байгаа бол Европын улс орнуудад тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хяналтаас нэг гарвал хичнээн аймшигтай үр дагавар авчирдгийг бид бэлхнээ харж, сонсож мэдэрч байна. Харин Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн 21 аймгийн онцгой комиссоор удирдуулсан алба хаагчид түүний ард сэтгэл нэгтэйгээр зүтгэж байна. Тэр дундаа анхны тохиолдлыг нутгийн чадварлаг эмч, мэргэжилтнүүд, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хурдан хугацаанд илрүүлсэн нь манай аймгийн мэргэжлийн анги, салбарынхан ямар түвшинд ажиллаж байгааг харуулж байна. Ингээд уншигч та бүхэнд Дорноговь аймгийн мэдээ, мэдээллийн Dmedia.mn вэб сайтад нийтлэгдэж байсан тухайн үеийн мэдээг тоймлсоныг танилцуулж байна.

2020.03.09 Франц улсын иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд аймгийн онцгой комиссын гишүүд оролцож цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхээс гадна тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комиссын алба, мэргэжлийн ангиуд үйл ажиллагаагаа султгахгүй байхыг анхааруулсан юм.

2020.03.10 Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ

Гуравдугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн коронавирусын халдвар авчээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашин, галт тэрэгний хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07:00 цаг хүртэл хориглох шийдвэрийг улсын онцгой комиссоос гаргалаа.

Галт тэргэнд хамт зорчсон 28 иргэнийг МСҮТ-д тусгаарлана

Франц Улсын 57 настай иргэн Б-ээс Коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс өглөөний 03:00 цагаас эхлэн хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Одоогийн байдлаар Франц Улсын иргэн Б-тэй 1-р зэргийн хавьтагч болсон галт тэргэнд хамт зорчсон 28 иргэнийг тогтоосон байна. Мөн Улаанбадрах сумаас 70км-ийн зайд байрлах “Дулаан Уул” кемпэд 37 иргэн, Олон овоогийн кемпэд 22 иргэнийг тусгаарлаад байна.

Улс, хот хооронд болон хөдөө сумдын автозамын хөдөлгөөнийг хаалаа

Улс, хот хооронд болон хөдөө сумдын автозамын хөдөлгөөнийг улсын хэмжээнд өглөө 07.00 цагаас эхлэн хориглосонтой холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргаж Коронавирусын тохиолдол илэрсэн улс орнуудаас ирж байгаа нислэгийг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ.

Сайншанд хотод архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/77 дугаар захирамжаар сумын нутагт дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаанд хориглосон байна. Дорноговь аймагт 99 иргэнийг тусгаарлаад байна Дорноговь аймгийн Шуурхай шбатаас /2020.03.10/-ны 18.00 цагт авсан мэдээллээр Замын-Үүд суманд 14 хүн, Улаанбадрах суманд 59 хүн /“Бадрах Энержи” компаний кемп/, Сайншанд сумын МСҮТ-ийн дотуур байранд 50 ортой тусгаарлах байр бэлтгэн, хавьтагч нарыг байрлуулж, одоогоор 21 хүн, 5 хүүхэд байна. Дээрх хүмүүсийг тусгаарлалт, ажиглалтад авсан ба одоогоор эрүүл мэндийн үзүүлэлтүүд хэвийн байгаа аж.

2020.03.11 Замын-Үүд, Сайншанд суманд нөөцийн мах худалдаална

Аймгийн Онцгой комиссын X хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 25 постон дээр аймаг сумдын онцгой комиссын 350 гаруй иргэд 48 автомашинтай ажиллаж байна. Франц Улсын иргэн урьд шөнө Улаанбаатар хотруу автомашинаар явсан бөгөөд биеийн байдал тогтворгүй нэмэлт эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай тул мэргэжлийн байгууллагын зөвлөснөөр ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Аймгийн Онцгой комиссын хурлаар “Суман зурхай” компанийн нөөцөд байсан 30 тонн махыг Замын-Үүд, Сайншанд сумын худалдааны худалдаалахаар боллоо.

2020.03.12 Нөөцийн мах худалдаалж эхэллээ

Өглөөний 10:00 цагийн байдлаар “Эргэл” зах дээр иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зах нээхээс өмнө иргэд аль эрт ирээд дугаарласан байдалтай цугларсан байв. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Суман зурхай” ХХК 30 тн нөөцөлсөн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Цаашдаа “Үлэмж” төвийн дэргэдэх махны дэлгүүр болон “Эргэл” худалдааны төвийн махны лангуугаар хонины мах 7500 төгрөг, үхрийн мах 8500 төгрөгөөр худалдаалах бөгөөд аймгийн хэмжээнд махны нөөц хангалттай байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Ариутгал халдваргүйтгэлийн ажил өрнөж байна Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж айл өрхийн нүхэн жорлон, угаадасны нүхийг өнөөдрөөс ариутгаж эхэллээ. Сайншанд суманд нийтийн эзэмшлийн 5000 га гудамж зам, талбайд ариутгал хийж байна. Харин гэр хорооллын 2000 гаруй нүхэн жорлон, 1000 гаруй угаадасны нүхэнд ариутгал халдваргүйтгэл хийхээр болжээ.

2020.03.13 Аймгийн Засаг дарга аймгийн Онцгой комиссын шийдвэрийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа

Монгол Улсад бүртгэгдсэн нэг тохиолдол болох Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Түүнтэй хамгийн ойр байсан 9 хүн болоод 58 иргэний шинжилгээний хариу өнөөдөр сөрөг буюу халдваргүй гэж гаржээ. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай нийт 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн онцгой комиссын гишүүд хэрхэн үүрэг чиглэлийн биелэлтийг ханган ажиллаж байгаа талаарх нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин өнөөдөр танилцлаа.

2020.03.14 81 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү хүргүүллээ

Өнөөдөр 12:00 цагаас аймгийн Онцгой комиссоос цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. – Зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн дуудлага ирээгүй, эрүүлжүүлэх байр хүнгүй хоносон – Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын хүнс, шатахууны нөөц хангалттай байгаа. – Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурч байна – Өнөөдөр үсчин, гоо сайхны газруудаар халдваргүйтэл хийж ажиллаж байна

2020.03.15 Маргааш 07:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ

Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тоймлон хүргэж байна. Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа постууд үргэлжлүүлэн ажиллах бөгөөд аймгаас орж, гарч байгаа бүх иргэдээс асуумж авч нэвтрүүлнэ. Өчигдөр аймгийн шуурхай штабаас 18 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл өгсөн байна. Улсын Онцгой комисс хуралдаад гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр болсон. Манай аймгийн хувьд ариутгал, халдваргүйтэл хийж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх юм. – Буруу ташаа мэдээлэл түгээсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгоно – “Бадрах энержи” кемп дээр байгаа 58 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан – Ард иргэд та бүхэн худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна – Сайншанд сумын гэр хорооллын 90 хувьд нь ариутгал хийлээ

2020.03.16 Аймгийн Онцгой комиссоос найман шийдвэр гаргалаа

Аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаан өнөөдөр /2020.03.16/ боллоо. Хуралдаанаар коронавируст (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

– Аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх, (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постод санамж, асуумж бөглүүлж, бүртгэлийг хийж ариутгал халдваргүйтгэлийг шуурхай зохион байгуулж нэвтрүүлэх

– Спорт заал, фитнессийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс нээж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, 10-с доошгүй хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн бие чийрэгжүүлэх дархлааг дэмжих, ажлыг зохион байгуулах, ариутгал халдваргүйтгэл урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх – Тусгаарлах байранд байгаа хүмүүсээс 3 дахь сорьцын шинжилгээг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр багтаан авч, ХӨСҮТ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулах

– Сайншанд сумын хэмжээнд байгаа хог хаягдлыг цэвэрлэх, ариутгах, нийтийн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-д хариуцуулж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмолжуулан үүрэг чиглэлээр хангаж ажиллах – Зүүнбаян, Хамарын хийдэд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах, ариутгалын дүк автомашиныг Замын-Үүд суманд явуулж гудамж, талбай, ариутгалын халдваргүйтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулах

– Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 03 дугаар сарын 17-ны дотор бүрэн хангах арга хэмжээг авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Х анги хилийн боомтод шуурхай ажлын хэсгийг ажиллуулж удирдлага зохион байгуулалтаар хангаж үр дүнг танилцуулах, дүгнэлтийг гаргаж ажиллах

– БНХАУ-ын Эрээн хотын боомтын хяналтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалт бүхий чингэлэгтэй 31 тээврийн хэрэгсэл, Мандал боомтын нүүрс буулгалтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалттай 92 автомашиныг 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд багтаан хилийн боомтуудаар оруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах

– Голомтын бүсэд хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа төрийн албан хаагч /Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт/-ын хоол хүнс, дархлааг дэмжих, витаминжуулах ажлыг шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.