Ц.ОДОНЧИМЭГ: Амин дэмтэй хоол, хүнсээр хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй

 Ц.ОДОНЧИМЭГ: Амин дэмтэй хоол, хүнсээр хүүхдийнхээ  дархлааг дэмжих хэрэгтэй

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ, ЗӨВЛӨХ ЭМЧ Ц.ОДОНЧИМЭГ:

Сургууль, цэцэрлэг ажиллахаа болиод ханиад томуу эрс багассан. Хүмүүс гэртээ хүүхдүүдээ асраад хүүхдийн өвчлөл харьцангуй цөөрөөд байна. Зарим ээж, аавууд бага цагаар ажиллах, гэрээсээ ажлаа хийх байдал нэмэгдсэн учир хүүхдүүд эмнэлэгт ирэх тохиолдол өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бага байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт нэг талаараа нэмэгдсэн боловч хүүхдүүд гар утас их үзэж, телевиз, компьютер ширтэх нь их болжээ.

Үүнээс шалтгаалж хүүхэд орой унтахгүй, шөнө нойр нь хүрэхгүй тохиолдолд илүү хөдөлгөөнт өвчлөлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа.

Нүдээ анивчих, хүзүүгээ эргүүлэх, хамраа маажаад, гар хуруугаа амандаа хийх, хумсаа мэрэх гэх мэт мэдрэлийн шинжтэй өвчлөл нэмэгдэж байна. Хүүхэд хэт их дэлгэцэд донтохоор илүү хөдөлгөөнт өвчлөлтэй болдог. Мөн сургууль, цэцэрлэгтээ явахаа болиод ирэхээр уурлаж бухимдсанаас болоод шөнө нойр нь хүрэхгүй өглөө эрт босох, гэртээ үймүүлэх, цонхоор шагайх, гарна гэж уцаарлах хандлагатай байна. Тиймээс эцэг эхчүүдэд анхааруулахад хүүхдээ аль болох гэртээ байлгаарай. Коронавирус нь тийм аймшигтай өвчин биш хүмүүс тусаад эдгэрдэг учир гараа угаагаад, амны хаалтаа зүүх хэрэгтэй гэдгийг зөвөөр ойлгуулж айлгаж, сүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Гэртээ бүтээлч байдлаар хүүхдүүдтэйгээ хамт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг зөвлөж байна. Гар утас өгөхгүй гэж хорих тусам хүүхэд улам улайрч утас үзэх гэнэ. Үүний оронд хүүхдүүдээ сатааруулж хамтдаа цагийг өнгөрүүлээрэй.

Орой 22:00 цагаас өмнө хүүхдээ унтуулах хэрэгтэй. Хүүхэд эрт унтах тусам өсөлтөд тустай.

Хоол тэжээлээр дархлааг нь дэмжиж, шим тэжээлтэй, амин дэмтэй хүнс хэрэглээрэй. Энэ жилийн улирлын томуу арван хоёрдугаар сар, нэгдүгээр сард их байсан. Сүүлийн гурван жилийн дунджаас энэ жил ханиад, томуу огцом өссөн. Манай хүүхдийн тасаг дээд тал нь 90 гаруй хүүхэд зэрэг хүлээж авсан. Энэ жилийн томуугийн онцлог нь хүүхэд нэг хоног халуураад маргааш нь шууд хатгаа болоод эмнэлэгт хэвтэнэ. Тэгээд шууд хүндрээд амьсгалын дутагдлаас болж сэхээнд эмчлүүлж байсан. Үүнээс болж энэ жил олон хүүхэд сэхээнд орсон. Гадаа дулаахан гэрт хүйтэн байдаг үе учир хаврын салхи хавирга нэвт гэж ярьдаг. Хүүхэд ийм үед салхи авч жиндээд дахиад хатгаа аваад эхэллээ. Өнөөдрөөс хоёр гурван хатгаатай хүүхдүүд нэмэгдэж байна.

Ам дамжсан эмчилгээг хүүхдэд хийж болохгүй. Хүүхэд туршилтын туулай биш шүү дээ. Хүмүүс хүүхдийн дархлааг дэмжих ид шидтэй эм бэлдмэл, витамин хайгаад байдаг. Энэ нь буруу үйлдэл. Тийм ид шидийн зүйл байхгүй.

Харин амин дэмтэй хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй. Эм, витаминаар дархлаа дэмжээд нэмэргүй. Ер нь хүүхдийн дархлаагаар битгий оролд гэж зөвлөмөөр байна. Гэрийн нөхцөлд халуун бүлээн хоол, унд сайн уулгаж идүүлээрэй. Сая хүлээн авах дээр түлэгдсэн хүүхэд ирсэн байна. Мөн машинд мөргүүлсэн хүүхэд бас ирсэн. Ер нь бол түлэгдэлт, ослоос ирж байгаа хүүхдийг гэмтлийн тасаг хүлээж авдаг.

Дөнгөж мөлхөж байгаа хүүхдүүдтэй эцэг эх гэртээ мөлхөө үзлэг хийх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт мөлхөөд газраар хүүхдэд аюултай зүйл юу байгааг гэдгийг шалгаад үз. Жижиг гар чийдэн, цаг, соронзоос хүүхдээ хол байлга. Хүүхэд залгих аюултай жижиг зүйлийг гэрт байлгах хэрэггүй. Мөн ширээний бүтээлэг битгий ашигла. Дээр нь халуун зүйл байвал түлэгдэх аюултай. Хүүхдийг аюулгүй орчинд амьдруулж эрсдэлээс урьдчилан сэргийлж байвал хүүхэд эрүүл өснө.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.