Б.ЭНХТУЯА: Хүүхдүүддээ тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах шаардлагатай

 Б.ЭНХТУЯА: Хүүхдүүддээ тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах шаардлагатай

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ЭНХТУЯА:

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх 2020 оны 01 албан даалгавар гарсан. Гурван сайдын хамтарсан гэр бүл дэх хүүхдийн хамгааллыг сайжруулах удирдамж батлагдсан. Манай аймагт хүүхэд хамгааллын мэргэжлийн анги энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги нь онцгой нөхцөл байдлын үед, нийтийг хамарсан бэлэн байдал зарласан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх гол чиглэлтэй.

Мэргэжлийн ангийн ажлын төлөвлөгөөний дагуу гурван нөөц байр бэлдсэн. Сайншанд суманд байдаг түр хамгаалах байр, Замын-Үүд сумын түр хамгаалах байр, Сайншанд сумын нэгдүгээр цэцэрлэгийг түр хамгаалах нөөц байраар сонгосон. Хорио цээртэй холбоотойгоор хүүхдүүд гэрийн нөхцөлд аюулгүй байх, хүүхэд хамгаалах чиглэлийн хүрээнд 0-12 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах, гэрээсээ ажлаа хийх нөхцөлөөр хангах шийдвэрийг аймгийнхаа удирдлагаар гаргуулсан. “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалах хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” гэх мэт бүх хуульд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагын тухай тодорхойлж өгсөн байдаг.

Үндсэн хуульд хүртэл эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэх мэт хүүхдийн эрхийг хуулиар бүрэн хамгаалсан.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд хүүхдийн хүчирхийллийг бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл хэмээн тодорхойлсон байдаг. Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагаас харахад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эцэг эхийн хараа хяналт муугаас болоод ураг төрлийн хүчирхийлэлд өртөх нь элбэг.

Түүнчлэн гэр бүл салалтаас болж хүүхэд хүчирхийлүүлж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар ээжүүд бага насны хүүхдээ хаяад явах тохиолдол олширч байна.

Тийм учраас манай байгууллагаас гэрлэлтээ шинээр батлуулж байгаа хосуудыгаа “Соёмбо” цогцолборт ёслол төгөлдөр гэрчилгээг нь гардуулж хууль ёсны гэрлэлтийг сурталчлан таниулж байна. Орон нутгийн удирдлагууд ажилтнуудаа ажиллах боломж нөхцөлөөр хангаж гэрээсээ ажлаа хийх, үр хүүхдэдээ цаг зарцуулах боломжийг өгч байгаатай холбогдуулаад “Хүүхэд хэрэглэгч 2020” арга хэмжээг Монгол Улс даяар зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд таван төрлийн уралдааныг зарласан.

Уралдааны зорилго нь гэр бүлийн орчинд хүүхдийг ахуйн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх юм.

Үүнд эцэг эхчүүд идэвхтэй оролцож хүүхдэдээ тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулаарай. “Хүүхэд хэрэглэгч 2020” уралдааны хүрээнд “Миний гэр аюулгүй орчин”, “Гэрийн эмийн сан цэгцэлж хэвшье” хоёр үнэлгээний хуудсыг эцэг эхчүүд бөглөснөөр өөрийн тань байр, орон сууц, гэр аюултай орчинд тооцогдох уу, үгүй юу гэдгийг мэдэж авах боломжтой юм. 2020-03-20ны өдрөөс 04 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд уралдааны материалыг хүлээн авна. Эцэг эхчүүд энэ уралдаанд идэвхтэй оролцсоноор гэртээ бүтээлч байдлаар хүүхэдтэйгээ хамт аюулгүй орчныг бүрдүүлж чадах юм.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.