Д.БАЯСГАЛАН: “СОНДОР” ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ УЛАМЖЛАЛТ АРГААР ХИЙДЭГ

 Д.БАЯСГАЛАН: “СОНДОР” ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ УЛАМЖЛАЛТ АРГААР ХИЙДЭГ

Улаанбаатар хотод төрж, өссөн унаган хотын бүсгүй говь нутгийн бэр болон ирсэн өдөр саяхан мэт. Д.Баясгалан сэтгүүлч мэргэжил эзэмшсэн хэдий ч өөрийн сонирхол хоббиндоо хөтлөгдөн 2016 оноос хойш Hand made /өөрийн гараар/ бүтээгдэхүүнүүдийг урлаж эхэлсэн байна. Өдгөө хүсэл сонирхолдоо татагдан хуримтлалаараа эхлүүлж байсан бизнесээ хэрхэн хөгжүүлж, өргөжүүлж байгаа тухай Д.Баясгалангаас тодруулсан ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.

-Бүтээгдэхүүн хийх санаагаа хаанаас олж байсан бэ?

-2016 онд Солонгос улсад амьдардаг найз маань гар урлалаар бүтээгдэхүүн хийж байгааг харсан юм. Тухайн үед маш их таалагдсан учраас гэр бүлийн хэрэгцээндээ зориулан хийж, хэрэглэж ирсэн. Би бүтээгдэхүүнийхээ бэлдцийг Солонгос улсаас захиалж аваад хийдэг. Одоогоор бизнес болон хөгжүүлж Замын-Үүд суманд үйлчилгээ эрхэлж байна. Сумынхаа “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.

-Анх бизнесээ эхлүүлэхэд ямар нэгэн дэмжлэг авч байв уу. Тулгамдаж байсан асуудлаа хэрхэн шийдэж байсан бэ?

-Хамгийн анх өөрийн хуримтлал болгон цуглуулж байсан мөнгөөрөө бизнесээ эхэлж байсан. Хийгээд удаагүй байхдаа БНХАУын Эрээн хотын Чөлөөт бүсэд павилон ажиллуулж өөрийн бизнесээ хөгжүүлэх бололцоогоо нээж чадсан юм. Хажууд маань олон сая хүнтэй, зах зээлтэй бүс нутаг байгаа учраас цаашид ч хөгжих боломж байна гэж үздэг.

-Яг үйлдвэрлэл явагдаад хэр удаж байгаа вэ. Эрэлт өндөр байна уу?

-2017 оноос бага хэмжээгээр хийн танил талынхаа хүрээнд хэрэглүүлж үзсэн. Энэ үеэс л хэрэглэгчдэд очихоор хийсэн гэхэд болно. Эрэлтийн хувьд тогтсон хэдэн хэрэглэгчтэй. Мөн үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа баяр ёслол, тэмдэглэлт ой, жуулчдад зориулж борлуулалт хийдэг.

-Таны эрхэлж байгаа ажил бол гарааны бизнесийн нэг хэлбэр. Тийм учраас бодит дэмжлэг гэж хүсвэл юу хэлэх бол?

-Өнөөдрийн нөхцөлд бол үйл ажиллагаа явуулах ажлын байрны түрээс өндөр байна. Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд эхлээд ашиг гэхээсээ илүүтэй тогтвортой ажиллаж, хэрэглэгчдээ олох нь чухал байдаг. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хүү багатай зээлийг арилжааны банкууд өгч чадвал үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах төлөвлөгөө байна.

-Экологийн тэнцвэрт байдал, ан амьтан, агаарын бохирдол хамгийн гол нь хүний эрүүл мэнд түүнд харшлах зүйлс маш ихээр үйлдвэрлэгдэж байна. Эко гэдэг нэр томьёог хүмүүс хэрхэн ойлгож хүлээж авч байна вэ?

-Эко гэх үгийг хамгийн эрүүл гэдэг утгаар нь ойлгож өдөр ирэх тусам хэрэглэх иргэд нэмэгдэж байна. Сүүлийн үед лааны тос гэхэд л химийн тосны хаягдал буюу фарафинаар хийсэн лаа маш их худалдаанд гарч байна. Гэтэл манай лааны онцлог бол эко тос буюу шар буурцагны тосоор хийдэг учраас шаталт бага, хүний биед гаж нөлөөгүй гэсэн үг. Энэ мэтчилэн хүний биед сөрөг нөлөөгүй байх бүтээгдэхүүнийг сонгож хийж борлуулдаг учраас худалдан авагчид нилээд бий болсон.

-Өнөөдрийн байдлаар хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Одоо саван, лаа, машины үнэртүүлэгч, сүүлний тос, ванны давс, гар ариутгагч, арц ганга хомоолны утлага, давсан сувинер зэргийг үйлдвэрлэж байна. Хүүхдэд зориулсан витаминтай, хулуутай саван хийдэг. Энэ саван нь хүүхдийн гарын арьсанд нэн тохиромжтой. Мөн насанд хүрэгчдэд дал модны холтостой саван үйлдвэрлэдэг. Дал модны холтос нь нүүрэн дээрх идээт үрэвслийг дардаг. Bathboom буюу ванны давс нь амин / эфир/-н тос, коконуттай хаврын цагт дархлаа дэмжиж ядаргаа тайлна. Сүүлний тосоо уурын аргаар боловсруулдаг учраас шим тэжээлээ алддаггүй харшил өгдөггүй чанарыг хадгалж үлддэг, эх орны минь органик эко тос юм. Сүүлний тосоо чацарганатай хольж гаргаж байгаа. Энэ нь дан сүүлний тосыг бодвол түлэнхий, харшил, арьсны бүх төрлийн эмчилгээнд илүү үр дүнтэй юм. Лааны хувьд энергийн лаанууд хийдэг. Долоон өнгийн лаа буюу хүний аура нөхдөг лаа, эд хөрөнгө дууддаг шар ногоон лаа, хэл амнаас хамнаас хамгаалсан хар лаа зэрэг олон төрлийн утга учир агуулсан эко лаанууд байдаг.

-Бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Сав баглаа боодлоо орчин үеийн загварт нийцсэн сум орон нутгийнхаа онцлогийг /аймаг, сумын лого, бэлэг тэмдэг/ тусгасан зураг, дизайнаар хийдэг. Бас “Сондор hand made” фэйсбүүк хуудсаар захиалагчийн хүсэл сонирхолд тааруулж захиалга авдаг. Мөн бүтээгдэхүүнээ сайржуулахын тулд гадны улс орнуудад ийм төрлийн бүтээгдэхүүн хийдэг газрууд хэрхэн хийдэг талаар байнга уншиж, судладаг.

-Органик бүтээгдэхүүн хийхэд гадна шошго, сав баглаа боодлоо хэрхэн шийдэж байна вэ?

-Сав баглаа боодлыг хийхдээ аль болохоор байгальд хоргүй материалыг сонгож хийдэг. Жишээлбэл гарын савангийн уут гэхэд тааран уут, машины үнэртүүлэгч, утлага эко /бор/ цаасаар хийж байна.

-Бүтээгдэхүүн зах зээлд хэр үнэтэй гарч байгаа бол. Энэ төрлийн үйлдвэрлэл хөгжих боломж ямар байна вэ?

-Урд хөршөөс сав, баглаа боодлынхоо материалыг авдаг учраас ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Улаанбаатар хотод худалдаалагчдаас хямд үнээр борлуулж чаддаг. Хотын хэмжээнд ижил төрлийн бизнес эрхлэгчид харьцангуй бага байдаг. Тиймээс шинэ төрлийн бизнес гэж үзэж болно.

-Гадаад зах зээлийг сонирхож байгаа юу?

-Сум орон нутгаас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж хоёр орны худалдааны асуудлыг шийдэж өгвөл ганц надаар хязгаарлагдахгүй үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг нийт үйлдвэрлэгчдэд томоохон гарц гаргалгаа болж өгөх болов уу гэж боддог.

-Өөрийн хийж байгаа эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн амжилтаа хэрхэн дүгнэх вэ?

-2017 оны Замын-Үүд сумын Шилдэг үйлдвэрлэгч, 2018 оны Дорноговь аймгийн Шилдэг шагнал, 2019 оны Цагаан сар үзэсгэлэн худалдааны Шилдэг үйлдвэрлэгч болж байсан нь миний хөдөлмөрийн үнэлэлт юмуу даа.

-Монгол улсын хамгийн том хөл хөдөлгөөнтэй боомтод амьдардаг иргэний хувьд сум, орон нутгийн орчин нөхцөл хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж дэвжиж байгаа талаар таны сэтгэгдлийг сонсоё.

-Хэдхэн жилийн өмнө хүүхдийн цэцэрлэг хүрэлцдэггүй байлаа шүү дээ. Өнөөдөр бол цэцэрлэг, сургууль олноор баригдаж хүүхдүүд хангалттай хичээл, сургуульдаа явах хүртээмж нэмэгдэж ээж, аавууд нь ажил төрлөө санаа зоволтгүй хийж байна. Үр хүүхдүүдээ салхилуулах талбайтай, спортоор хичээллэх ордонтой ч боллоо. Удахгүй боомтын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй том бүтээн байгуулалт ашиглалтад орвол улс орны нүүр царай болсон боомт маань бүр ч сайхан болно. Энэ нутагтаа бизнесээ өргөжүүлж, залуу хүний хувьд түүчээ нь болж ажиллаж байгаадаа баяртай байдаг даа.

-Таны бизнест амжилт хүсье.

-Танай сонины хамт олонд баярлалаа.

З. Энхзул

З. Энхзул

https://dmedia.mn

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.