ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ОРОН НУТАГТ …

 ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ОРОН НУТАГТ …

“Өнөөгийн Дорноговь” сонины өмнөх дугаарт Засгийн газрын шийдвэрүүдийг уншигчиддаа танилцуулсан. Эргэн сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2020 оны гуравдугаар сарын 27-нд мэдэгдэл хийсэн. Тэрээр “Засгийн газраас хоёр чиглэл барьж байгаа. Нэгдүгээрт, Монгол хүний эрүүл мэндийн байдлыг хангах. Хоёрдугаарт, Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах юм. Засгийн газар, УОК цаг тухай бүрт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд Монгол Улс өнөөдөр тайван байна. Дотроо халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг нь Монгол Улс болсон. Одоо засаглах цаг болсон. Бүх шийдвэрийг ард иргэд дагаж мөрдөх ёстой. Шуудхан хэлэхэд бид үхэх үү, сэхэх үү гэдэг сонголтод тулгарсан” хэмээн онцолж байв. Мөн Засгийн газраас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр хэд, хэдэн шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдрийн байдлаар /2020.04.15/ Засгийн газрын эдгээр шийдвэр Дорноговь аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар холбогдох газруудаас тодруулсан юм.

НДШ: ЭНЭ САРЫН 23, 24-НИЙ ӨДӨР ТОДОРХОЙ БОЛНО

“Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуй нэгж, компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байна”, “Коронавирустай холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн хэвшлийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно” гэв. Иргэн бүр баяртайгаар энэхүү шийдвэрийг дэмжиж Засгийн газрыг магтаж байлаа. Гэтэл дөрвөн сар гараад дундаа орсон ч ямар ч тодорхой шийдвэрлэгдсэн зүйлгүй байна. Энэ талаар бид Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс орлоо. Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй уулзав. Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ган-Одоос тодруулахад: “Өнгөрсөн баасан гарагт хууль нь батлагдсан. Гэвч одоо хүртэл тодорхой журам, дүрэм бидэнд ирээгүй байна. Жишээ нь Коронавирустай холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн хэвшлийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэсэн. Ажилгүйдлийн даатгалын сангаас шалгуур үзүүлэлтээ хангасан иргэдэд олгох байх. Одоогоор тодорхой байгаа нь төрийн албан хаагчид НДШ-ийн тэглэх шийдвэрт хамрагдахгүй. Засгийн газар хэдий мэдэгдэл хийсэн ч гэлээ хууль батлагдсаны дараа шат шатандаа хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар асуусан иргэдийн дуудлагад манай хэлтсийн утас ачаалалд ороод байгаа. Дээрээс албан ёсны шийдвэр ирээгүй учир бид ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Энэ сарын 23,24 гэхэд бүх зүйл тодорхой болчих байх. Тэгэхээр нь эргээд иргэдэд мэдээлэл өгөх болно” гэв.

ТАТВАР: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ХЭРЭГЖИХЭД ТОДОРХОЙ ЦАГ ХУГАЦАА ОРДОГ

“Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй”, “Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авахгүй” гэв. Энэ талаар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Б.Ганболдоос утсаар лавлалаа. Тэрбээр “Аж ахуй нэгж байгууллагууд эхний улирлын татварын тайлангаа өгөөд байгаа. Дараагийн улирлын тайлангаа долдугаар сарын 1-ний дотор өгнө. Тиймээс энэ хугацаад асуудал тодорхой болно. Одоогоор орлогын албан татвар авахгүй эсэх нь аймаг орон нутаг гэлтгүй хаа, хаанаа ямар ч шийдэл алга байна. Засгийн газар шийдвэр танилцуулснаас хойш бараг сар гаруй хугацаанд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Иргэд маань өнөөдөр Засгийн газраас шийдвэр гаргаад маргааш шууд хэрэгжинэ гэж ойлгоод байдаг. Гэтэл тодорхой цаг хугацаа үүнд зарцуулагдана” гэсэн хариултыг өгөв.

ШАТАХУУНЫ ҮНЭ: 300 ТӨГРӨГӨӨР БУУЖЭЭ

“Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн” гэв. Нийслэл хотноо шатахууны үнэ дөрөвдүгээр сарын 13-ний өдрөөс эхлэн 400 орчим төгрөгөөр буурсан. Харин манай аймагт дөрөвдүгээр сарын 14- ний өдөр аль ч шатахуун түгээх станц үнээ буулгаагүй байсан бол энэ сарын 15-ны 15:00 цаг орчимд бүх шатахуун түгээх станц 300 төгрөгөөр үнээ буулгаад байна. Одоогоор Сайншанд хотноо үйл ажиллагаа явуулдаг бүх шатахуун түгээх станцууд А-92 бензин 1510-1550 төгрөг, А-80 бензин 1410-1450 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна

ХҮҮХДИЙН МӨНГӨ: 30 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

“18-аас доош насны хүүхэд бүрт 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно. Хүүхдийн мөнгөтэй нийлээд 30 мянган төгрөг олгоно” гэсэн. Харин нийслэлийн хүүхдийн халамжийн мөнгө өнгөрсөн долоо хоногоос буухдаа 30 мянган төгрөг эцэг, эхийн дансанд оржээ гэх сайхан мэдээг ээжүүд баяртайгаар хүлээн авсан. Манай аймгийн хэмжээнд энэ сарын 20-ноос хойш хүүхдийн мөнгө эцэг, эхийн дансанд орно. Ингэхдээ 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно гэж Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн мэдээлэл өглөө. Энэ шийдвэр нь гурван сарын хугацаанд хэрэгжих бөгөөд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл 30 мянган төгрөг хүүхэд бүр авах нь ээ.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

1 Comment

  • Ноолуур?

Leave a Reply

Your email address will not be published.