С.ОДБАЯР: ЭРҮҮЛ, УХААЛАГ ХОТЫГ ЦОГЦЛООХОД ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ЧУХАЛ

 С.ОДБАЯР: ЭРҮҮЛ, УХААЛАГ ХОТЫГ ЦОГЦЛООХОД ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ЧУХАЛ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад эрүүл буюу тэсвэртэй ухаалаг хотын жишиг зонхилж байна. Ийм л төлөвлөлтөөр Сайншанд хот маань өдрөөс өдөрт өргөжин дэвжиж, өнгөлөг барилга, өндөр орон сууцаар хүрээгээ тэлж байгаатай хэн ч маргахгүй биз ээ. “Хотын даргын ажил илүү аж ахуйч байдалтай. Аливаад сэтгэлтэй л байвал бүх ажил урагшилж, дээшилж, дэвших боломжтой байдаг” гэдгийг онцолсон Сайншанд сумын Засаг дарга, хотын Захирагч С.Одбаярын ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Сайншанд сум цаашдаа орон нутгийн зэрэглэлтэй хот болон хөгжих асуудал яригдаж байгаа. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсын Засаг захиргаа нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Нэгжийн хууль өөрчлөлт хэлэлцэгдэж байгаа УИХ-ын чуулганаар ирэх сард багтаад орчих байх. Хуулийн зохицуулалтаар хотын захирагчийн асуудал яригдана. Хотын захирагчаа тусдаа сонгодог болох уу гэх мэт нарийн зүйл заалтууд тодорхой болно. Сайншанд сум нь 2011 онд орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн ажлын алба байгуулагдаад үүнээс хойш сумын Засаг дарга хотын захирагчийн албыг давхар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар захирагчийн ажлын алба албан дөрвөн орон тоотой. Хот тосгоны эрх зүйн тухай хуулийн нэгжийн өөрчлөлт нь өөрөө үндсэн хуулийн гол үзэл санаа болох эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлэх биш аль болох анхан шатны нэгжид өгөх тухай яригдсан. Тэр утгаараа татварын зарим нэг орлого сум, аймаг, хот руугаа орж ирэх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр сумын төсвийн орлого нэмэгдээд бие даасан байдлаар хотын хэмжээнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх боломж, бололцоо бүрдэнэ гэж харж болно. Тодорхой санхүүгийн болоод бусад эрх үүрэг хотын захирагчид төвлөрнө гэж ойлгож болно.

Хууль батлагдчихвал хотын захирагчаа иргэд сонгодог болохыг үгүйсгэхгүй. Хотын захирагч өөрийн гэсэн төсөв санхүүтэй, хотын дэд бүтцийн асуудал бүтээн байгуулалт тохижилтын ажлыг хариуцах бүрэн боломжтой болно.

Харин сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийнхээ хүн ам, эрүүл мэнд, байгаль орчин бусад асуудлуудаа хариуцаад явах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

-Энэ хууль батлагдаад Хотын захирагч бие даасан эрх мэдэл, тодорхой санхүүгийн зохицуулалт хийх боломжтой болчихвол иргэдэд илүү хүртээмжтэй болно гэсэн үг үү?

-Одоо Сайншанд нь нэгжийн тухай хуулиараа сумд тооцогдож байна. Дорноговь аймагт Сайншанд сумтай хүн амын тоо, суурьшлаараа дүйцэхүйц сум бол Замын-Үүд сум бий. Бусад сум харьцангуй хүн ам цөөн шүү дээ.Гэтэл яг өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар Сайншанд сум нь бусад 13 сумтай яг нэг түвшинд хөрөнгө оруулалт, төсөв санхүү, эрх мэдэл хуваарилалт ижил байдаг. Тиймээс үйл ажиллагааны чиглэл нь өргөн цар хүрээтэй учир төвлөрлөөс үүдэлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд бидэнд тодорхой хэмжээний эрх үүрэг, төсөв санхүүгийн мэдэл хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, Сайншанд сум татварын зарим орлого болох авто замын хураамж, хувь хүний орлогын албан татвараа сумандаа төвлөрүүлж аваад үүнийгээ захиран зарцуулах боломж бүрдвэл хотын хэмжээнд тулгамддаг олон асуудлаа шийдээд явах боломж нээгдэх юм.

-Хотын хэмжээнд тулгамддаг асуудлуудын талаар хэд хэдийг дурдлаа. Үүнийг тодруулмаар байна?

-Хотын хэмжээнд тулгамддаг тодорхой асуудлууд байдаг. Тухайлбал хог хаягдал, нохой муур, айл өрхийн жорлон, хашаа гудамж цэгцлэх, гэрэл гэрэлтүүлэг аж ахуйн шинж чанартай зүйлс олон бий. Хог хаягдал гэхээр тусгай менежмент хийж байж Сайншанд хотыг хоггүй болгох ёстой. Орон сууцны оршин суугчдын хувьд СӨХ-ны асуудал үргэлж яригддаг. СӨХ бие даасан байдалтай ажиллаж чадахгүй байгаа учраас хотын зүгээс зарим асуудлыг шийдвэрлэж өгөх гэхээр хөрөнгө санхүүгийн хувьд ажил гацах тохиолдол байдаг.

-Орон нутгийн хөгжлийн сангаас энэ асуудлуудыг шийдэж болдоггүй юм уу. Эсвэл иргэдийн оролцооноос шалтгаалаад байна уу?

-Өнгөрсөн хугацаанд иргэдийн оролцоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Гэхдээ бүх түвшинд иргэдийн оролцоо бүрэн гүйцэд хангагдахгүй байна. Иргэд аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг боловч иргэний эрхийнхээ хүрээнд ямар байдлаар оролцож тухайн асуудлаа шийдэх вэ гэдэгт зарим нь дутуу дулимаг ойлголттой байдаг. Жишээлбэл, багийн иргэдийн нийтийн хурлыг зарлаад иргэдээс санал авдаг. Энэ хуралд тухайн багийн Засаг дарга тайлангаа тавьдаг. Гэвч багийн хуралд залуучуудын оролцоо бага байгаа нь анзаарагддаг. Манай оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг атлаа СӨХ-ны хуралдаа суудаггүй. Төр буюу сум, баг, захирагчийн ажлын алба, нөгөө талаас СӨХ, мөн иргэд буюу оршин суугчид гэсэн гурван талаас хамтарч ажиллаж байж иргэн бүр орон сууцандаа ая тухтай амьдрах боломж бүрдэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хувьд бодлогын түвшинд нийт иргэний асуудлыг шийдэх хэмжээнд хэлэлцдэг. Орон нутгийн хөгжлийн сангаас сумдад мөнгө хуваарилахдаа дараах шалгуурыг харгалзан үздэг. Нэгдүгээрт хүн амын тоо, хоёрдугаарт нийслэлээс алслагдсан байдлаар, гуравдугаарт уул уурхайн компанийн ашиглалтын талбайгаас орж ирэх орлого эзэлдэг. Сайншанд сум нь хүн амын тоогоороо л тодорхой хөрөнгө хуваарилагддаг. Хуваарилсан санхүүгээ дахиад найман багтаа хуваана. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Сайншанд сумын зарим асуудлыг шийдэж өгч байна.

-Бүх шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүхий л шатанд төр иргэдэд ойлгомжтой мэдээ, мэдээлэл хүргэх хэрэгтэй. Энэ хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн аян зохион байгуулж байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болж байгаа юм. Гэхдээ иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийх ажлууд олон байгаа.

-2016 оноос хойш Сайншанд хотод бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөлөө. Одоо дуусаагүй хүлээгдээд байгаа ажлууд байна уу?

-Улсын хөрөнгө оруулалт, аймаг сумын хөрөнгө оруулалтаар Сайншанд хотод өнгөрсөн жилүүдэд олон бүтээн байгуулалт хийгдлээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хувьд манай аймагт хожсон зүйл цөөнгүй байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын ажлууд өрнөсөн. Бид бүтээн байгуулалтын чанар, гүйцэтгэлийн тухайд илүү анхаарсан. Одоогийн байдлаар царцаагдсан барилга байхгүй байна. Гурван жилийн хугацаанд гурван орон сууцны хороолол баригдаж дууссан. Бүгд цаг хугацаандаа багтсан.

-Та хотын захирагчийн хувьд бусад хотуудын туршлагыг хэр судалж байв?

-Ер нь бол бусад хотын төвүүдтэй харьцуулдаг. Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд бусад хотын дарга нартайгаа уулзаж, санал туршлага солилцоод хамтарч ажилладаг. Хоёрдугаар сарын сүүлээр эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт чуулган болсон. Чуулганаас харж байхад манай хотын хувьд маш их бүтээн байгуулалт хийсэн юм байна гэдэг нь анзаарагдсан. Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотын дараа манай Сайншанд маань багтахаар болжээ. Зөвхөн хотын захирагч бусад хотуудын туршлага судлах биш хэсгийн ахлагч нар буюу анхан шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид Дархан, Эрдэнэт хот явуулж туршлага судлуулах чиглэлээр ажилласан. Туршлага судлаад ирсэн хэсгийн ахлагч нар манай Сайншанд хот Эрдэнэт, Дарханаас дутахааргүй хөгжиж байгаа юм байна гэдэгтэй санал нэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалт зайлшгүй хийгдэх ёстой байсан.

Манай аймгийн хувьд онцлогтой дэд бүтэц сайн хөгжсөн, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Иргэд нь хотын соёлд суралцах хэрэгтэй.

Эдгээр бүтээн байгуулалт тодорхой цаг хугацааны дараа үр өгөөжөө иргэдэд өгөх юм. Энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байж орон нутгийн иргэдийн амьдрал дээшлэх боломжтой ингэж чадвал дэлхийн хөгжилтэй хотуудаас дутахааргүй хөгжих боломж байна.

-Сайншанд хотын нутаг дэвсгэрт улсын томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүнээс иргэд ямар өгөөж хүртэх вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд Газрын тос боловсруулах үйлдвэртэй байдаг. Энэ үйлдвэрлэлийг дагаад олон жижиг үйлдвэр ажилладаг. Орон нутагт маань Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор иргэдэд үр шим, ашиг тустай олон бүтээгдэхүүнүүд дагалдаж хийгдэнэ. Тиймээс Сайншанд хот аж үйлдвэрлэлийн цогцолбор болох нөхцөл бүрдэх юм. Харин хотын иргэд, залуус хойч үеийнхэн минь бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан ахлах ангийн сурагчидтай мэргэжил сонголтын тухай уулзалт зохион байгуулсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил цаашид ч үргэлжлэх болно.

-Сайншанд хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөлт ямар байх вэ. Тодруулбал, хөгжлийн үндсэн чиглэл нь юу вэ?

-Сайншанд хот аж үйлдвэр, тээвэр ложистик, аялал жуулчлал гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжинө. Ингэснээр орон нутгийн иргэн бүр ажилтай, орлоготой ая тухтай амьдрах орчин бүрдэх юм. Аж үйлдвэр бол бидний оролцоотой оролцоогүй цаашид явагдана. Мөн тээвэр ложистик Засгийн газрын асуудал болоод Зүүнбаян-Таван толгой, Зүүнбаян-Сайншанд Ханги Мандал, Сүхбаатар-Дорнод гэх мэт чиглэлийн төмөр замууд үргэлжлэх болно. Харин Сайншанд хотын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Сайншанд хотын хэмжээнд үзэж харах юм олон байвал аялал жуулчлал илүү хөгжих боломжтой. Манай хот цаашид илүү хөгжихийн тулд нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах учиртай. Хотын өнгө үзэмжид бизнес эрхлэгчдийн оролцоо бий.

-Хүн амын төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан хотын хэмжээнд ямар зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа вэ?

-Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Өнгөрсөн хугацаанд анхаарч ажилласан ажлын нэг бол газар олголтын асуудал юм. Үүнд Сайншанд сумын авто замыг дөрвөн эгнээ болгоход газрын маргаангүй байх ёстой. Сул чөлөөтэй талбайг, талбайгаар нь авч үлдэх нь их чухал байгаа юм. Аймгийн Засаг даргатай ярилцаж байгаад “Алтан говь”-ийн урд талбайг засаад авлаа. “Гэр бүлийн талбай”-н газар дээр хөрөнгө оруулагчид байшин барилга барих сонирхол өндөр байсан. Гэхдээ аймгийн дээд шатны удирдлагатай ярилцаж байгаад “Гэр бүлийн талбай”-г авч үлдэж, замын цаад талын “Тэмээтэй талбай”-г бас тохижуулсан. Олон ч машины зогсоолыг бий болголоо. Цаашид олон хүн амтай болох нь тодорхой учир Улаанбаатар хот шиг болгохоос сэргийлэх хэрэгтэй. Тиймээс ирээдүйд бий болох төвлөрлөө тооцож ажиллаж байна.

-Манай хот өдрөөс өдөрт өнгөлөг болж байгаа нь анзаарагддаг. Хотын өнгө үзэмж, тохижилтод хэрхэн анхаардаг вэ?

-Аймгийн хэмжээнд бүх байгууллагууд маш сайн хамтарч ажилласны үр дүнд өнгөлөг Сайншанд хот маань бий болж байгаа юм. Аймаг орон нутгийн удирдлага сэтгэл гаргаж ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга анхан шатны байгууллагуудад болж байгаа, болохгүй байгаа асуудалд тодорхой үүрэг чиглэл өгч зарим зүйлийг шийдэлцээд явна гэдэг их дэмтэй.

Сайншанд хотын хөгжлийн төлөө шат шатандаа нэг баг болж хамтарч ажиллаж байгаа. Үүний үр дүн тодорхой цаг хугацааны дараа харагдах болно.

Хөгжиж буй Сайншанд хотын хувьд дөрөвхөн жилийн хугацаанд өргөс авчихсан мэт болно гэдэг бол цаг хугацааны асуудал юм. Энэ бүх бүтээн байгуулалтын үр өгөөж иргэдэд хүрэх хугацаа магадгүй найман жил гэж харж байгаа. Магадгүй найман жилийн дараа өрх айл гэр бүл болгон, иргэнд мэдэгдэхүйц өөрчлөлт бий болох болно.

-Хотын захирагч гэхээр яг ямар ажил хийдэг тухай сонирхож байгаа хүмүүс цөөнгүй байх. Ажил мэргэжлийнхээ онцлогийг уншигчдад танилцуулна уу?

-Хотын захирагч үргэлж аж ахуйн ажил хийдэг дээ. Энд тэнд хог харна, эвдэрч хэмхэрсэн зүйлийг илүү онцолно. Хөндлөнгийн хүн анзаарч харахгүй зүйлсийг олж хардаг. Нарийн чимхлүүр зүйлсийг ч харна, янзална, шийднэ. Энэ дундаа манай хотын хамгийн тулгамдаад байгаа асуудал бол хог хаягдал юм. Хог хаягдлын чиглэлээр тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй байгаа юм. Хог дахин боловсруулж бүтээгдэхүүн хийхийн тулд төр маш сайн дэмжиж ажиллах ёстой. Утааны асуудал сүүлийн жилүүдэд яригдаад эхэллээ. Сайжруулсан шахмал түлш ирэх жилээс хэрэглээнд орно. Нохой муурын устгал тогтмол хийгдэж байгаа гэх зүйлс дээр байнга анхаарлаа хандуулдаг. Сайншанд хот бол жижгэрүүлсэн Улаанбаатар хот юм. Бусад аймгийн төвтэй харьцуулахад шилжиж ирж байгаа, гаднаас түр оршин суух иргэдийн тоо их байдаг. Хөдөө орон нутаг, бусад сумдаас аймгийн төвд суурьших хандлага олширч байна. Тэгэхээр тэр бүх иргэдийг хотын соёлд сургах л хэрэгтэй. Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт ороод хот статустай болохоос илүүтэй иргэдэд хот гэдэг ойлголтыг түгээхийг зорьж ажиллаж байна.

-Жил бүр Сайншанд хотын хэмжээнд нэг чиглэл уриатай ажилладаг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг вэ?

-2017 онд Иргэдээ дэмжих жил буюу иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахад анхаарсан. 2018 онд Хотын соёлыг дэлгэрүүлэх жил болгож ажилласан. 2019 онд Багийн хөгжлийг дэмжих жил болгосон. 2020 онд Эрүүл хотыг дэмжих жил болгоод байна. Энэ хотод амьдрахад тухайн иргэнд таатай аюулгүй орчин бүрдсэн байх нь чухал. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд өндөр байшин барилгаар хөгжлийг тодорхойлдог үе ард хоцорсон. Эрүүл хот гэдэг нь өргөн цар хүрээтэй бөгөөд тэсвэртэй ухаалаг хотын чиглэл зонхилж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлөхөд тухайн хот хэр тэсвэртэй вэ гэдэг чухал байгаа юм. Ийм нөхцөлд хотынхоо нийт хүн амын хэдэн хувийг эрсдэлгүй авч гарах боломж байгаа вэ гэдэг л тухайн хотын хөгжлийн шалгуур юм.

-Тэсвэртэй ухаалаг хотын чиглэл зонхилж байгаа гэлээ. Үүнийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой юу?

-Ирэх жил буюу 2021 онд Ухаалаг хот болно гэсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил явагдаж байна. Бид энэ жилдээ суурийг нь тавиад ирэх жил бодит ажил болгоно.

“WеGO” ухаалаг хотын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 190 хот нэгдсэн холбоонд манай Сайншанд гишүүн хот болсон бөгөөд сумын хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ухаалаг хотын холбооны тэргүүнээр нь Сөүл хотын захирагч ажиллаж дэлхийн хэмжээнд бүсчилсэн арга хэмжээ зохион байгуулдаг.

Мөн “Эрүүл хот чадвахижуулах төв”-д манай хот нэгдсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд манай хотын туулж байгаа замыг туулаад өнгөрсөн. Тиймээс тодорхой төсөл хөтөлбөрүүдийн хэмжээнд туршлага судалж ухаалаг хот болох бүрэн боломжтой. Хүн бүр ухаалаг утас барьдаг болсон өнөө цагт энэ чиглэлд нэгдэнэ.

-Ярилцлагынхаа төгсгөлд өндөржүүлсэн бэлэн байдлын үед сумын Онцгой комисс ямар түвшинд ажиллаж байгааг тодруулъя?

-Дэлхийн хэмжээний цар тахлын үед бид бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ талаар иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл тогтмол өгч байна. Үүнд бас л иргэдийн оролцооны асуудал маш чухал байр суурьтай байна. Өнгөрсөн хугацаанд сумын Онцгой комисс найман удаа хуралдаж хэд хэдэн үе шаттай ажлыг зохион байгууллаа. Хамгийн түрүүнд онцгой нөхцөл байдал үүсвэл ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Үүнд аймгийн хэмжээний хөл хөдөлгөөн хязгаарлавал хоол хүнс хангалттай байгаа юу гэдэг дээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулсан. Замын хязгаарлалт тогтоосон үед ямар ч саадгүй бараа бүтээгдэхүүн татаж байсан. Үүний хүрээнд нөөцийн мах тодорхой цэгүүдээр худалдааллаа. Тусгаарлах, ажиглах байрны судалгаа гаргаж онцгой нөхцөл байдал үүссэн үед байршуулах газрыг тогтоож, үүссэн асуудлыг дор бүрнээ шийдэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйтэлийн ажлыг өргөн цар хүрээнд гүйцэтгэлтэй хийж байна. Гурав дахь үе шаттай халдваргүйтгэлийн ажлыг энэ амралтын өдөр авто машины хөдөлгөөнийг зогсоож бүх аж ахуйн нэгж, байгууллага нийтийн зам талбайд ариутгал хийлээ. Багийн ажлын алба тасралтгүй эргүүл, хяналтын ажлыг зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудтай бүхий л шатанд хамтарч ажиллаж байна. Энэ цаг хугацааг хамтдаа эрсдэлгүй даван туулж, иргэн бүр хариуцлагатай байхыг уриалж байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.