“Өнөөгийн Дорноговь” сонины редакцийн зурвас

 “Өнөөгийн Дорноговь” сонины редакцийн зурвас

Одоогоос найман жилийн өмнө Монголын сэтгүүл зүйн уламжлагдан ирсэн бичлэгийн төрлийг түүчээлж, өөрчлөн шинэчлэгдэж буй Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаар мэдээ мэдээллийг түгээх зорилгоор “Өнөөгийн Дорноговь” сонин анхны дугаараа уншигчдадаа өргөн барьж байлаа. Гол техник хэрэгсэл болох компьютер, принтерээ Улаанбаатар хотоос галт тэргэнд хүнээр захин авчруулж, сонины дизайнераа сурган ажиллуулж байсан үе саяхан мэт тодхон дурсагдана.

Тухайн үед орон нутагт Нийгэм, улс төр, мэдээ мэдээллийн тогтмол хэвлэлийн орон зайг нөхөн хэвлэгдэж байсан ч үүнээс илүүтэй зарим уншигчдыг оюун санааны хувьд дасгалжуулах нь хамгийн гол бэрхшээл байв.

Одоо харин тэр бүх асуудлууд ард хоцорч, 14 суманд захиалагчтай, тогтмол уншигчтай, өөр аймагт сонины шинэхэн дугаарыг минь хүлээн суудаг идэвхтэн дэмжигчтэй болсондоо баяртай байна.

Хэдийгээр технологид суурилсан нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг иргэд олширсон ч сонины цаасан дээр хэвлэгдсэн танд хүрч буй эдгээр баримтууд шарлан үлдэж, илүү үнэ цэнэтэйгээр хадгалагдсаар байх болно гэдэгт уншигч та итгээрэй.

Өнөөдөр нэг дэлхийд амьдардаг оршин суугчид хүндхэн нөхцөлд байгаа ч хүмүүний ахуй өрнөдгөөрөө өрнөж, дор бүрнээ хариуцлагын чангахан дэглэмд ажиллаж, бүтээсээр явна. Гадаад, дотоодын эдийн засгийн тоон үзүүлэлт буурч байгаа ч нөгөө талаасаа орон нутгийн орчин нөхцөлийг сайжруулах, тав тухтай төрийн үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийгдсээр байна.

Ээлжит энэ дугаараас уншигч та бүтээх ажлын гол чиглүүлэгч, хууль санаачлагчид хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллийг нягталж, Замын-Үүд суманд хувиараа бизнес эрхлэгч “Сондор эко” hand made бүтээгдэхүүнийг санаачлагч Д.Баясгалантай танилцан, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр, Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, Сонгогчдын боловсролд зориулсан танин мэдэхүйн нийтлэл, Бүтээн байгуулалт, Малчдад хэрэгтэй цаг үеийн мэдээг онцлон уншаарай.

Дашрамд анхны дугаараас эхлэн тасралтгүй уншиж ирсэн “Өнөөгийн Дорноговь” сонинтой үргэлж хамт байдаг төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд, нутгийн зон олон та бүхэндээ баярлалаа. Нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагыг түүх болгон баримтжуулдаг сониноо захиалан уншиж биднийг дэмжээрэй.

ЭРХЛЭГЧ З.ЭНХЗУЛ

З. Энхзул

З. Энхзул

https://dmedia.mn

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.