ГАН БӨМБӨЛГИЙН ҮЙЛДВЭР АЙМАГТ ЖИЛДЭЭ 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛНӨ

 ГАН БӨМБӨЛГИЙН ҮЙЛДВЭР АЙМАГТ ЖИЛДЭЭ  3,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛНӨ

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэлийн бодлогыг дэмжихээр 21:100 үндэсний хөтөлбөрийг боловсруулан энэ хүрээнд уул уурхайн боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарыг дэмжин ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад “Жижиг дунд үйлдвэр” болох “Ричвил Гриндинг медиа” ХХК нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж Сайншанд сумын 2-р багт “Ган бөмбөлгийн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулан үйлдвэрлэж эхэллээ. Товч танилцуулбал, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн гол хэрэглээ нь ган бөмбөлөг юм.

Төмөр ган туйванг 1050°С хүртэл халааж 60-80 мм диаметртэй бөөрөнцөг үйлдвэрлэх 2 шугамтай ба 0.9- 2.3 кг жинтэй ган бөөрөнцөг нэг минутад 40-72 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ингэхдээ ган бэлдцийг индукцийн аргаар халааж, цувих технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө шийджээ.

Энэ нь говийн экологийн системд ээлтэй, хог хаягдалгүй, агаарын бохирдолгүй, усаа 90 хувь дахин ашиглах боломжтой дэвшилтэт технологи бөгөөд ган бөмбөлгийн үйлдвэрийн ашиглалтын үеийн үйл ажиллагаанд шаардагдах усан хангамж, цахилгаан хангамж, дулаан хангамж, барилга байгууламж, харилцаа холбоо, зам тээвэр зэрэг дэд бүтцийн шийдлийг байгаль орчинд ээлтэй технологиор хийж гүйцэтгэжээ.

Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автомат учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр болсон бөгөөд Чанарын хяналтын магадлан итгэмжлэгдсэн өөрсдийн лабораторид өдөр бүр гарсан бүтээгдэхүүнээс дээж бүтээгдэхүүний чанарт анхааран ажиллана гэдгийг онцолсон байна. Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутаг цаашлаад Монгол Улсын эдийн засгийг тэлэх, уул уурхайн салбарын хөгжлийг эрчимжүүлж улмаар хөгжлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд