Ж.МАНДУХАЙ: МИНИЙ УРЛАГИЙН ЗАМНАЛ ДОРНОГОВЬ АЙМГААС ЭХТЭЙ

 Ж.МАНДУХАЙ: МИНИЙ УРЛАГИЙН ЗАМНАЛ ДОРНОГОВЬ АЙМГААС ЭХТЭЙ

Усны урсгал мэт долгилох түүний уян хатан гар хөгжмийн аялгуутай уясаж, эргэлдэн эргэлдсээр дэрвэх даашинзны хормойнд инээмсэглэл нь үл сарнина. Түүнийг Ж.Мандухай гэдэг. Тэрбээр Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр 17 жил тасралтгүй ажиллажээ. Урлаг соёлынхон түүнийг Дорноговийн бүжигчин гэдгээр нь андахгүй. Гоо бүсгүйн бүжихийг хараад түүний дотоод ертөнцөд түр саатлаа.

ТОСГОН

Урлагийнхан намайг Дорноговийн бүжигчин гэдэг. Нутгархаад байх дургүй боловч өөрийгөө ихэд баян хүн гэж боддог. Аав минь Увс, ээж Ховд аймгийн гаралтай. Харин би Ховдод төрсөн. Миний аав цэргийн мэргэжилтэй хүн байсан тул намайг нэгдүгээр ангид элсдэг жил манайх Зүүнбаян тосгон руу шилжиж байлаа. Алтай хангайн нутгаас говьд нүүж очиж байсан үеэ одоо ч тод санадаг. Үүрээр говь руу орж байсан. Тачирхан өвстэй талд газраас нь нар мандаж, элсэн ширхгүүд гялтганаж байхыг хараад мэл гайхаж билээ. Миний хүүхэд насны бүхий л гэгээн, сайхан дурсамж тосгонд өнгөрсөн дөө. Жижигхэн тосгонд өссөндөө одоо ч баярлаж явдаг. Миний урлагийн замнал Дорноговь аймгаас эхтэй. Намайг Дорнын говь нутаг ивээж бүжигчин болгосон. Аав Зүүнбаян руу хуваарилагдаагүй өөр газар ажиллаж амьдарсан бол би бүжигчин болох байсан эсэх нь эргэлзээтэй. Үндэсний урлагийн их театрыг Ц.Сэвжидийн нэрэмжит болгосон нь говь нутаг бүжгийн урлагийнхныг ивээдэг гэж боддог. Бүжгийн ангийнхан маань жилдээ нэг удаа Хайрхан уул, Энергийн төвдөө очиж мөргөж, сүсэлж явдаг болохоор ажил үйлс нь өлзийтэй бүтэж, амьдрал ахуй нь тэгширдэг гэдэгт итгэдэг.

ГОВЬ

“Говийн наран хамтлаг”-ийн хамгийн отгон нь би байсан. Биеэрээ ч мөн хамтлагийнхаа хамгийн жижигт тооцогддог байв. Тэртээ 1993 оны “Яргуй” наадамд хамтлаг бүжгээр тэргүүлээд тайзан дээр медаль гардаж авч, дараа жил нь гоцлол бүжгээр алтан медаль авч Ц.Сэвжид багшийнхаа тэмцээнд оролцоод шилдэг бүжигчин болж байлаа. Сүхээ багш “Наран говийн дуулал” бүжгэн жүжгийг хийхээр болж Жаргалан зусланд гурван сар амрангаа бүжгийн бэлтгэл хийж байх үеэр манайх хот руу шилжчихсэн байж билээ. 2006 онд “Бүжгийн гайхамшиг” тоглолтоор нутагтаа очиж сургуулийн дотуур байранд байрлаж байсан. Тухайн үеийн жижигхэн охинд бол “Саран хөхөө” театрын тайз агуу том мэдрэгдсэнийг одоо болтол мартдаггүй. Тэр үед говийн бор охин гэж дуудуулдаг байлаа. Дараа харин бүжигчин болчихоод нутгийнхаа тайзан дээр бүжиглэхэд их л жижигхэн санагдаж билээ. Хүүхэд насны дурсамж гэдэг сайхан байгаа шүү.

БАГШ

Сүүлд Ц.Сэвжид багшийн уралдааныг шүүх шүүгчээр томилогдон аймагтаа очиход намайг таньж мэдэх хүн цөөхөн байсан. Угаасаа “Од”-ын өвчнөөс хол байдаг хүн л дээ. Тэмцээнийг шүүж байхад Дорноговийн хүүхдүүд үнэхээр сайн бүжиглэж байсан. Тэд бараг тайзан дээр амьдраад байсан шүү. Тайзан дээр амьдарна гэдэг нь бүжгээрээ бүх санаагаа гүйцэд илэрхийлэхийг хэлж байгаа юм. Багш нар ч шавиа сайн бэлтгэл хийлгэсэн байна лээ. Бүжиглэнэ гэдэг угаасаа олны нүдэн дээр ил байдаг учраас шударга шүүхийг эрмэлзсэн. Манайхан энэ багшийн шавь, тэр ч багшийн шавь гээд хуваагдах талтай байдаг. Харин миний хувьд азтай нь бүх багшийн шавь болсон доо. Хамгийн их бахархаж шүтэж явдаг хүн бол Сүхээ багш минь. Намайг бүжгийн урлагт хөл тавихад, мэргэжлийн бүжигчин болоход багш минь л надад тус болсон. Сүхээ багш Монголын бүжгийн урлагт агуу зүйлийг хийсэн хүн шүү дээ. Хүнийг амьдад нь урамшуулж, хийсэн гавьяаг нь хэлж, магтаж байх хэрэгтэй.

БҮЖИГ

Бүжиг бол маш их тэвчээр шаарддаг урлаг. Өглөөнөөс эхлээд өдөржин бэлтгэл хийж үргэлжлүүлээд ерөнхий эрдмийн хичээл хийдэг байв. Хичээлээ тараад дасгалын хувцас, тоглолтын хувцсаа бүгдийг нь өөрөө угаана, өдөр бүр цагаан оймс цэвэр байх ёстой. Хүүхдэд бол ахдахаар ачаалалтай бас хатуу байсан. Эргээд бодох нь ээ хувь хүний бие даах чадварыг илүү хөгжүүлдэг юм билээ. Хөлсөө дуслуулж энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор бүжигчнээрээ ядахдаа таван жил ажиллачих юмсан хэмээн найз нөхдөдөө хэлж байсан үе бий. Гэвч хүн мэргэжлийнхээ үр шимийг үзэх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс сэтгэл нь ханаад бүжгээ орхидог. Надад бол хангалттай чаддаг болчихсон юм чинь одоо больё гэх үе байхгүй. Манай мэргэжлийн ангийн 34 оюутнаас 15 нь л бүжигчнээр сургуулиа төгссөн. Үүнээс шигшигдээд таван хүн л мэргэжлээрээ тууштай ажиллаж байна. Тиймээс энэ мэргэжил маань шалгуур өндөр гэсэн үг. Ажиглаад байхад цэгцтэй бүжиглэдэг хүний хувийн амьдрал нь хүртэл эмх цэгцтэй байдаг бол замбараагүй бүжиглэдэг хүнийх мөн тийм л харагддаг. Ингээд харвал ажилдаа хэрхэн хандаж байгаагаас шалтгаалж тухайн хүний амьдрал ямар байдаг нь тодорхой. Чадвартай уран бүтээлчид өөрийнхөө амьдралын хандлагыг далдлах хэмжээнд сайн бүжиглэж чаддаг гэсэн үг. 2002 онд Хөгжим бүжгийн сургууль төгсөөд ажилд орж байх үед Баярбаатар багш “Бүжигчин бүжиг бүр дээр хувирч танигдахгүй байх хэрэгтэй. Саальчин, ээрүүлч хоёр яг л адил Эмэгтэй хүний дүр, хөдөлгөөн нь хүртэл ижил байдаг. Гэхдээ өөрөөр харуулж болдог” гэж хэлж байсан. Би энэ зарчмыг баримталж ажилладаг. Мэргэжилдээ өдөр бүр дурладаг. Гэртээ харьсан ч бүжиглэчих гээд л байдаг шүү /Инээв/. Бүжигчин болох хүн үг сонсож чаддаг байх хэрэгтэй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд гарц мундахгүй гэдэг шүү дээ.

ХҮЧ

Намайг өдий зэрэгт хүрэхэд миний гэр бүлийнхэн маш сайн дэмжсэн. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ дөрөв, таван сар хүргээд л ажилдаа ордог байсан. Хүүхдээ төрүүлчхээд ажилдаа ороод дасгал хийхэд ташаанаас доошоо олсоор татаж байгаа юм шиг л өвдөнө. Үсрэх гэхээр сэтгэлээрээ үсрээд байдаг ч газраас хөндийрөхгүй жишээний. Маш сайн дасгал, хөдөлгөөн хийж форумдаа орохгүй бол тун хэцүү. Хүүхэд тээж байх үедээ огт бүжиглэдэггүй болохоор төсөөрсөн байдаг. Монгол бүжиг их хатуу хөдөлгөөнтэй. Шогшино, хатирна, үсэрнэ. Эмэгтэй хүнээс их тэсвэр, тэвчээр шаарддаг. Хүүхэд төрүүлчхээд гам барихаас эхлээд ээж, аав хоёр л их тус болсон доо. Ээж минь их чанга хүн бий. Аавын хэр баргийн үг хэлдэггүй ч хааяахан хэлэх үг нь жинтэй тусдаг. Хүүхдээ төрүүлсний дараа 84 кг болтлоо жин нэмсэн ч шаргуу дасгал, хөдөлгөөн хийсний үр дүнд 55 кг болж байсан. Өглөө ажил эхлээд бэлтгэл хийсээр оройн тоглолттой золгодог болохоор хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авч чадахгүй үе олон. Ийм үед ар гэрийнхэн минь л хариуцдаг. Нөхөр маань миний адил хөгжимчин мэргэжилтэй урлагийн хүн байдаг. Одоо хөгжмийн зохиолд хүч үзэх гээд суралцаж байна. Уран бүтээлч сэтгэлгээ гэдэг уран бүтээлчдийн хувьд адилхан байдаг учир хамтлагийн ажил илүү цагаар ажилладаг. Бид амралтын өдрөөр л хүүхдүүддээ цаг гаргадаг даа. Одоо хүүхэд төрүүлнэ гэж бодохоос хааяа айдаг шүү. /Инээв/ Ажил багатай үедээ яаж гэр бүлийнхэндээ туслах вэ гэж боддог. ИНЭЭМСЭГЛЭЛ Эмэгтэй хүн өөрийгөө хүчирхэгжүүлж сурах хэрэгтэй. Өөртэйгөө ярилцаад урамшуулж, өөдрөгөөр эерэг сайхан байвал тэр бол гоо үзэсгэлэн юм. Гоо сайхан байна гэдэг сэтгэлийн үзэсгэлэнгээс шалтгаална даа. Цэнхэр, улаан, улбар шар гэх мэт тод өнгөнд дуртай. Тод өнгөөр хувцаслах гоё байдаг. Намайг илэрхийлэх ганц зүйл бол инээмсэглэл. Хүүхэд байх үеэсээ байнга л инээж явдаг байсан. Одоо ч хэвээрээ. Үргэлж инээмсэглэж явахыг эрхэмлэдэг.

ТЕАТР

Үндэсний урлагийн их театр бол агуу том байгууллага бөгөөд 2020 онд 70 жилийн ойтойгоо золгож байна. Энэ байгууллагад ажилладаг гэдгээрээ үргэлж бахархдаг. Тийм болохоор ажилд орохоосоо урьтаж мундаг хүмүүсийг судалчхаад босгыг нь давж байв. Би мэргэжлийн бүжигчнээр ажиллаад 18 жил болж байна. Хуучны уран бүтээлүүд сонгодог болтлоо хөгжчихсөн үед энэ ажлыг хийж байгаадаа бахархдаг. Бүжигчдийн биеийн хөдөлгөөн нь хэл учраас ямар ч хүнд ойлгогдохоор хөдөлгөөн бүрийг өөртөө шингээж, санаагаа гүйцэд үзэгчдэд ойлгуулах нь чухал байдаг юм. Одоо ч гэсэн тайзан дээр бүжиглэх тутамд өөр өөр мэдрэмж төрдөг. Бид хэзээ ч өөрийн сэтгэл зүй ямар байна тийм хандлагаар тайзан дээр гарах эрхгүй. Тайз бол хамгийн ариун хэмээн хүндэлдэг. Мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд бүжгэн жүжгийн аливаа нэг дүрд тоглох үе бол өөр асуудал байдаг. Гадны жуулчид бүжиглэхийг хараад их сайхнаар хүлээж авдаг. Урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүсийн өмнө алдах эрх байдаггүй. Гадаадад амьдардаг Монголчууд маань ч биднийг халуун дотноор угтан авдаг. Бүжиглэхийг минь хараад эх орон, ижий, ааваа санаад уйлдаг даа. Үндэсний Урлагийн Их Театр нь соёлыг түгээж, хөгжүүлж, дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллага учраас бид дотоод, гадаад гээд төрийн бүх арга хэмжээнд оролцдог.

СОЁЛ

Монгол бүжгийг ард түмэн төдийлөн сайн ойлгохгүй байгаа нь ахуйгаасаа их холдсоных. Нүүдэлчин ард түмний зан заншил, ёс жаяг, өв соёлоо мэддэггүй хүмүүс олширсон. Бидний бүжиглэдэг үндэсний бүжгүүд нь түүх, ёс заншлыг агуулж байдаг. Миний хувьд 100 гаруй уран бүтээлийг сураад байна. Одоо сурч мэдсэнээ хэрхэн хадгалж, цааш өвлөж түгээх вэ гэдэг чухал үед ирсэн.

БЭЛЭГ

Бүжиглэхгүй удахаар тайзаа үгүйлдэг. Ингээд тайзан дээрээ гараад бүжих үед догдлол халгиж байдаг даа… Бүжиг бол миний хувьд юутай ч зүйрлэшгүй орон зай. Өнөөдрийг хүртэл өөрийгөө чамлаж илүү сайн бүжиглэх ёстой хэмээн шаардлага тавьж ирсэн дээ. Удахгүй тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарсан ч тайз намайг голохгүй бол бүжгээ орхихгүй. Тоглолт хийх санал олон удаа ирж байсан. Цаг нь болох үед гээд хойшлуулдаг байв. Гэвч энэ жил байгууллагын 70 жилийн ой болох гэж байгаа учраас үүнтэй уялдуулаад тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Дорноговь аймгийнхандаа ч өөрийн тоглолтоороо удахгүй бэлэг барих болно.

ЭХ СУРВАЛЖ: “GOBI JOURNAL”

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

1 Comment

  • Erdenee gj ner ogt durdagdsangui ehnees ni duustal hailaa.

Leave a Reply

Your email address will not be published.