МОНГОЛ ГАЙХАМШИГТ ОРОЛЦСОН МИНЬ

 МОНГОЛ ГАЙХАМШИГТ ОРОЛЦСОН МИНЬ

/ТЭМДЭГЛЭЛ/

“Монгол гайхамшиг 93” анхдугаар наадам улсын циркт дөрвөн өдөр болсон юм. Энэ наадамд 100 гаруй хүмүүс шалгаран оролцож дөрвөн цагийн нэгдсэн үзүүлбэр тоглож үзэсгэлэн гаргаж, улсын цирк үзэгчдээр дүүрэн байлаа. Энд нүдээр үзээгүй, хүнд итгэмээргүй, сонсоход ухаанд багтамгүй, ховор сонин үзүүлбэрүүд, нандин сайхан үзмэрүүд, Монголын хамгийн дээд амжилтууд, түүний эзэд ирсэн байлаа. Энэ наадамд ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Дорноговь аймгийг төлөөлж Монгол гайхамшиг наадам зохион байгуулах хорооноос мандат авсан Монголын анхны шударга журам медальт эмэгтэй Д.Чулуунхүү, хамгийн урт 160 см урт гэзэгтэй эмч Л.Одончимэг, уран хайчилбарч багш Д.Лантуу, анхны гуулин хуур хийж ховор монгол аялгуу тоглосон өндөр настан Н.Гомбодаш, Монгол Улсад хамгийн их алсын аялал дугуйгаар хийсэн прокурорын ажилтан М.Чулуун нар оролцсон юм.

Бидний үзүүлбэр, үзэсгэлэн Нийслэлийн хөдөлмөрчдийн сонирхлыг ихэд татсан юм. Хоёр сая шахам төгрөгийн хандив өргөсөн “Өгөөж” хувиараа эрхлэх аж ахуйн эзэн С.Мөнхбаатар мандат авч эчнээгээр оролцлоо. Сайхандулаан сумын нутгаас олдсон 280 кг чулуужсан загас Монгол гайхамшиг наадмын үзэсгэлэнд оролцсон нь гадаад, дотоодын үзэгчдийн сонирхлыг ихэд татаж зарим хүмүүс 150-300 мянган төгрөгөөр худалдаж авах хүсэлтээ илэрхийлж байлаа. Анх удаагийн наадамд Дорноговь аймгийн хамгийн ховор, нандин эд зүйлүүд хүмүүсийн гар дээр байгаа учир бүрэн хамрагдаж, оролцож чадаагүй юм. Үүнд зоос цуглуулагч багш Р.Батжаргал, дөрвөлжин шугамтай дэвтрийн нэг нүдний хэмжээтэй ясан савхны үзүүрт тагшиж яваа янзага сийлсэн хамгийн жижиг үзмэрийн эзэн Эрдэнэ сумын Ц.Цэдэндорж нарыг нэрлэж болох юм.

Монгол гайхамшиг наадам цаашид болох учраас Дорноговь аймгийн Монгол гайхамшгийг тодруулж эрхийн баталгаа авч олгуулах, нэгдсэн бүртгэлд оруулах, үнэлүүлэх, хүмүүсийн амжилтуудыг баталгаажуулах ажил чухал шаардлагатай байна. Аймгийн монгол гайхамшиг Геннисийн товчоо байгуулагдах ажилд орсон юм. Тус товчоо нь аймгийн монгол гайхамшиг наадмыг цаашид явуулахаар төлөвлөж байна. Аливаа шинэ ажил, шинэ зүйл бэрхшээлтэй байдаг нь Монгол гайхамшиг наадмаас харагдаж байлаа. Энэ бүхнээс сургамж авч, дүгнэлт хийх нь аймгийн Монгол гайхамшиг Геннис товчооны цаашдын ажилд үр нөлөөтэй арга хэмжээ болох нь дамжиггүй. Аймгийн засаг дарга асан Л.Одончимэд монгол гайхамшиг наадамд оролцсон хүмүүсийг дэмжин ирэх, очих унааны зардлыг аймгаас гаргаж өгч бодитой туслалцаа үзүүлсэн явдалд бид бүхэн баярлаж билээ. Энэ нь тухайн цагт багагүй бэрхшээл болж байлаа.

Тухайлбал чулуужсан загасыг циркийн жижүүр хариуцахгүй байсан учир нийгмийн баталгаа муутай байлаа. Ганцаараа өргөж даахгүй болохоор аргагүй эрхэнд циркт үлдээж өглөө эрт очиж үзэж сэтгэл амардаг байв. Нутгийнхаа чулуужсан загас ховор үзмэрийг алдахвий дээ гэж сэтгэл зовж байлаа. Түүнийг олон удаа галт тэргээр ачиж буулгах, үзэсгэлэнгийн газар байрлуулах нь бэрхшээлтэй байсан юм. Зарим галт тэрэгний сэргийлэгч, үйлчлэгчид загасыг ачсан хойно нь буулгуулах, оруулахгүй саад хийж байхад сайхан сэтгэлтэй зарим хүмүүс ховор нандин энэ үзвэрийг үнэгүй явуулах хэрэгтэй гээд өргөлцөж ачилцаж өгч байлаа. Ийнхүү говь нутгийн байгальд хайртай эх орныхоо баялгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, бахархдаг иргэдтэй таарч байсан бидэнд их хүч болж байв. Бор зүрхээрээ зориглон явж монгол гайхамшиг анхны наадамд Дорноговь аймгийнхаа нэрийг дуурсгаж ховор нандин чулуужсан үзмэрийг үзүүлж, монгол гайхамшигт анхны наадамд Дорноговь аймгаас оролцогчдын амжилтыг баталгаатай болгож, баримтат кино, монгол гайхамшиг номд оруулсан явдал миний өчүүхэн хувь нэмэр юм.

“Миний бие өнөөдөр Геннис шоу тоглолт, монгол гайхамшиг 93 наадам үзэхээр ирэхдээ олон төрөл зүйлийн биширмээр сайхан үзэсгэлэн үзүүлбэр үзлээ. Дорноговь аймгийн чулуужсан загас үнэхээр миний гайхлыг төрүүллээ. Та бүхэн баяр хүргэж амжилт хүсье” гэсэн талархлаа монгол телевизийн редактор Д.Дуламсүрэн саналын дэвтрийн 53 дугаар хуудсанд 1993 оны хоёрдугаар сарын 17-нд бичсэнийг 27 жилийн дараа үзэхэд сайхан байна. Тухайн үед аймгийн Засаг дарга байсан зохиолч яруу найрагч Л.Одончимэдтэй уулзаж “Хамгаас дуулгах дээжис” ном бичсэнийг минь олзуурхан хүлээн авч, энэ номд дурдагдсан, шинэ амжилт тогтоосон, Монгол Улсад анхдагч болохоор одоо байгаа хүмүүсээ шилэн сонгож оролцох нь зүйтэй. Аймгаас та нарын зардлыг гаргаж өгнө гэж урам хайралснаар бид бүхэн мэрийж, Дорноговь аймаг зохион байгуулалт, бэлтгэл сайтай оролцсон талаар төвийн сонин хэвлэлүүдэд бичигдэж “Ардын эрх” сонинд Засаг дарга Л.Одончимэд энэ тухай ярилцлага өгсөн нь нийтлэгдэж байсан юм.

Тэр үед Монголын хөгжмийн зохиолчдын шагналт, Хөгжмийн зохиолч Б.МөнгөнӨлзий төрсөн ээж 70 настай Нанзадын Гомбодашаа асарч явж билээ. Тэрээр буцах замдаа “Чука ах та оюунлаг гэгээлэг буянтай сайн үйлс бүтээлээ. Танд үнэхээр баярлаж байна. Яагаад гэвэл Дорноговийн сор болсон Монголдоо тэргүүлэх анхдагч амжилтын эзэд болох хүмүүсийг сонгож Монгол гайхамшиг 93 анхдугаар наадамд оролцуулж баталгаажуулж өглөө. Та урлагийг ойлгосон торгон мэдрэмжээр миний ээжийн хулсан хуураар тоглосон үхэр мөөрч, бух урамдаж, нохой хуцаж, өрөөлтэй морь дэгэж яваа зэрэг өвөрмөц аялгуунуудыг тоглож байгааг Монголын радиод “Ховор монгол аялгуу” хөрөг найруулга болгон бичиж, төвийн сонинд нийтлүүлсэнд баярлаж явдаг шүү” гэж хэлсэнд, хүнд хэрэгтэй олон түмнийхээ сонорыг мялаасан үйл болж дээ гэж гаднаа баярлаж, дотроо онгирч билээ.

Миний хүсэлтийг хүлээн авч дэмжиж Монгол гайхамшиг-93 улсын анхдугаар наадамд хамт оролцсон амжилтын эзэд анхдагч нартаа талархал илэрхийлье. Монгол гайхамшиг-93 анхдугаар наадамд оролцсон үйл явдлаа эргэн санаж 27 жилийн дараа тэмдэглэлийн дэвтэр саналын дэвтрийн хуудсыг эргүүлэн уншихад ийм буюу. Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэдэг эртний үг бий. Манай малчид хөдөлмөрчид ахмад буурлуудад залуучуудад өвлөгдсөнд сонин сайхан ховор нандин эд өлгийн, дахин давтагдашгүй эсвэл хэн ч эвдээгүй дархалж баталгаажуулах амжилт байвал, Дорноговь аймгийн Монгол гайхамшиг-Геннисийн товчоонд хандаж болохыг уншигч олондоо сонордуулав.

Сэтгүүлч, яруу найрагч М.Чулуун

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд