Н.ХОНГОРЗУЛ: Эрүүл мэндийн зохих зөвлөмжийг баримтлан сонгуульдаа идэвхитэй оролцоорой

 Н.ХОНГОРЗУЛ: Эрүүл мэндийн зохих зөвлөмжийг баримтлан сонгуульдаа идэвхитэй оролцоорой

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотой мэдээллийг Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзулаас тодрууллаа.

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, сумын Сонгуулийн хороод хэзээ байгуулагдсан бэ?

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019.12.20-ны өдөр батлагдан 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн товыг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс товлон зарлаж 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр санал авахаар тогтсон байгаа. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 03 дугаар тогтоолоор цаг хугацааны хуваарийг баталснаар хуульд заасан хугацааны дотор сонгуулийг зохион байгуулахтай холбоотой ажлууд хийгдэж байна.

Энэхүү сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг СЕХ-ноос есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул миний бие, нарийн бичгийн даргаар Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг, гишүүдээр ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү, Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн, Статистикийн хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн, Сайншанд сумын 5 дугаар сургуулийн багш Б.Оргилбаяр, Нэгдсэн эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын албаны дарга У.Отгонбаяр нар ажиллаж байна.

-Сумын сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороод байгуулагдсан уу, хэрхэн ажиллаж байна вэ?

Аймгийн Сонгуулийн хорооноос 14 сумын Сонгуулийн хороог хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Сумын сонгуулийн хороодод нийт 78 төрийн албан хаагч ажиллаж байна. Сумын сонгуулийн хороо нь тавдугаар сарын 10-ны дотор сонгуулийн хэсгийн хороодоо байгуулсан бөгөөд үүнд нийт 457 төрийн албан хаагчид ажиллаж байна. Түүнчлэн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн багт 5, даамлаар 75, Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар 69 ажилтан томилогдон ажиллаж байна. Ингэснээр нийт 700 орчим албан хаагчид зохион байгуулалтад орон ажиллаж байна гэсэн үг юм.

-Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажиллах төрийн албан хаагчид ямар шаардлага хангасан байдаг вэ?

Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албанд үндсэн орон тоонд ажиллаж байгаа албан хаагчид сонгуулийн байнгын бус ажиллагаатай байгууллагын ажилтны сургалтад хамрагдан, гэрчилгээ авснаар ажиллах боломжтой бөгөөд Төрийн албаны тухай хууль болон энэхүү сонгуулийн тухай хуулиар улс төрөөс хараат бусаар ажиллах үүргийг хүлээнэ. Мөн УИХ-ын 2008 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.

-Сонгогчид сонгуульд санал өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

Сонгогчид хамгийн түрүүнд аль санал авах байранд очиж санал өгөх болон сонгогчдын нэрийн жагсаалтад хэрхэн бүртгэгдсэн байгаа эсэхээ шалгаж, мэдэж байх нь чухал. Үүний тулд 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд байгаа бүртгэлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн регистрийн дугаарыг оруулан шалгах боломжтой. Түүнчлэн тавдугаар сарын 30- ны өдрийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалт цаасан хэлбэрээр сонгуулийн хэсгийн хороодод хүргэгдэх тул тухайн өдрөөс хойш харьяалах санал авах байрандаа очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хэрхэн бүртгэгдсэн байгааг цаасан суурин дээр үзэж шалган буруу бүртгэгдсэн бол мэдээллээ Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэн шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа юм.

Иргэний шилжилт хөдөлгөөн бол 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс зогссон бөгөөд 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийх боломжтой болно.

Сонгогчдод сонгогчийн урилгыг өмнөх сонгуулиудаар айл өрхөөр нь явж хүргэдэг байсан бол энэ удаад Ковид-19 цар тахал гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан айл өрхөөр явах боломжгүй болсон. Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчноос сонгуулийн санал авах байрны хаяг, бусад мэдээллийг авах боломжтой. Мөн сонгогч саналын хуудсанд өөрийн саналаа илэрхийлэхдээ маш хариуцлагатайгаар тэмдэглэгээ хийх ёстой. Саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будах шаардлагатай. Өөрөөр хэлбэл манай аймагт нэр дэвшсэн хүмүүсээс зөвхөн хоёр хүнийг сонгоход онцгой анхаарах хэрэгтэй юм. Учир нь хоёроос илүү юмуу дутуу хүнийг сонгох юм бол санал тоолох төхөөрөмж нь уг саналын хуудсыг уншихгүй. Харин санал огт тэмдэглээгүй хуудсыг уншина.

-Энэ удаагийн санал авах ажиллагаа нь цар тахлын өвчний үед болох гэж байна. Нэлээд онцлогтой учир хэрхэн зохион байгуулах вэ?

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотой Улсын онцгой комиссоос зөвлөмж ирүүлэх бөгөөд түүнийг мөрдөж ажиллана. Тухайлбал санал авах байрны ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, сонгогчдод маск тараах, гарыг нь ариутгах, хоорондын зай бариулах зэрэг арга барилаар санал авах ажиллагаагааг зохион байгуулна.

-Улс төрийн намуудаас аймгийн сонгуулийн хороотой хэрхэн харилцаж ажиллах вэ?

Цаг хугацааны хувьд сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ өгөн нэр дэвшигчээр бүртгүүлэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар буюу хуульд зааснаар 06 сарын 2-22-ны өдрүүдэд сурталчилгаагаа явуулна. Ингэхийн тулд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос, харин ухуулагчийн үнэмлэхийг сумын Сонгуулийн хорооноос авах юм. Мөн сурталчилгаа хийх тээврийн хэрэгслийн таних тэмдгийг аймгийн Сонгуулийн хорооноос авна. Эдгээр нь бүгд хуульд заасан тоо, квоттой байдаг. Харин ийнхүү бүртгүүлж үнэмлэх аваагүй хүмүүс сонгуулийн сурталчилгаа хийж болохгүйг анхаарах хэрэгтэй.

-Сонгуулийн хороодоос цаг үеийн ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

Аймаг, сумын сонгуулийн хороод нь сонгуулийн ажилтнуудын бүх сургалтуудаа зохион байгуулсан бөгөөд санал авах ажиллагаагаа зохион байгуулах холбогдох бүхий л бэлтгэлээ хангаж байна. Түүнчлэн сонгогчдын саналыг авах байраа бэлтгэх, иргэдэд мэдээ мэдээллийг бүхий л боломжит аргаар хүргэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгүүдэд хуулийн хугацаанд хүргэх, бусад бэлтгэлээ хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

-Сонгуулийн ирцийн асуудал маш чухал байдаг. Иргэн бүрийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалбал?

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх чухал арга нь сонгуульд нэр дэвших болон сонгуульд оролцож санал өгөх асуудал юм. Иймд иргэд сонгуульдаа оролцож саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмжийг бид хэрэгжүүлэхэд онцгой анхаарах тул иргэд эрүүл мэндийн зохих зөвлөмжүүдийг баримтлан санал авах байранд ирж саналаа өгөх нь чухал байна.

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд