ТӨРЖ ӨССӨН УУДАМ ТАЛ, УХАА ГОВЬ МИНУ

 ТӨРЖ ӨССӨН УУДАМ ТАЛ, УХАА ГОВЬ МИНУ

Тана, сувд асгарсан мэт

Таана, хөмүүл сугсраад

Тал нутгийн минь зун цаг

Тансаг, яруугийн туйл билээ

Тайтгарал минь, хайр минь чи билээ

Тархи минь, зүрх минь чинийх билээ

Миний бие хаврын хуй салхинд ирлэгдэж, намрын налгар өдрүүдэд нь ухаарч, өсөн торнисон тал нутгийн хүү билээ. Хүй цөглөсөн нутаг маань Дорнын их говь, нэгэн цагт догшин ноён хутагт Данзанравжаагийн шинж нь ерөөсөн “далай” Сайншанд хот юм. Эндээс урагш говь нутаг, хойш захгүй уудам тал үргэлжилнэ. Ертөнцийн хаана ч байхгүй энэ гайхамшигт тогтоц, оршихуй газрын хязгаар, тэнгэр огторгуйд явсан чиг сэтгэлд ургаж, нүдэнд харагдаад, цаг үргэлж хүсэл тэмүүлэл, хүлээлтийн дунд амьдруулж, зүрх сэтгэлийг хөглөн догдлуулсаар, ухаарал, уужуурал гээчийг жил жилээр бэлэглэх нь гайхан бишрэх багадмаар…

НЭГЭН ЗҮЙЛ. ТҮМЭН ГАЛАВ ӨРТӨӨЛСӨН ТҮҮХИЙН ГЭРЧ НУТАГ МИНУ

Нүднээ тодрох өвөрмөц төрх, энд тэнд тааралдах чулуужсан мод, ясны үлдэц гээд эрт нэгэн үе хөлгүй тэнгисийн ёроол, нөгөө үе аварга амьтдын бэлчээр байсныг ямар ч судалгаа, нотолгоогүй зүрх, сэтгэлд мэдрүүлнэ. Ус, салхинд мөлийтөл элэгдсэн хад, чулуу, эгц өндөр эрэг, мөргөцөг хаа сайгүйн дээр газар усны нэр нь хүртэл “Далайн хөөвөр, Далай бумбат, Далайн хөндий, Сангийн далай, Хөлгүй ус” гэхчилэн далай тэнгис, их усны нэртэй. Ухаант дээдэс нэгийг бодож, хоёрыг тунгааж ийн нэрлэж ирсэн биз ээ. Төв Азийн анхны хуурай газар хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээсэн говь мэргэн вангийн хошууны тэргүүн өндөр Хутаг уул, манай гарагийн 150 сая
жилийн өмнөх амьдрал оршихуйн гэрч болсон Сүйхэнтийн чулуужсан ой, дэлхийн шинжлэх ухаан, палентологи судлалын “Алтан уул” гэгдэх Эргэлийн зоо, Монголын хамгийн том газар доорх хонгил Цагаан дэлийн агуй, гайхамшигт зургаан талт Цонжийн чулуу гээд дэлхий дахины үүсэл хөгжлийн гэрч болсон гайхамшигт тогтоц оршихуй хэдэн арваараа буй. Сая сая жилийн салхи, усны бүтээл Ашиг хорго, Их Нарт, Нүдэн, Бүс, Шир, Цонжийн чулууд гээд өвөрмөц сонин хэлбэрт хад чулууны орон хаа сайгүй байгаль эхийн урлан музей болон гайхшруулна. Байгаль эхийн үүсэл хөгжлийн ийм нандин дурсгалын зэрэгцээ хүн төрөлхтний бүхий л үеийн булш хэргисүүр, эд өлгийн зүйлс, эртний хот балгадын туурь, хадны сүг зураг, бичиг сэлт хаа сайгүй, айл саахалтын зайд өртөөлөн үргэлжилмүй Түмэн галав өртөөлсөн түүхийн гэрч нутаг мину.

НЭГЭН ЗҮЙЛ. АДИСТИД ЖАНЛАВ ОРШООСОН АРИУН ДАГШИН НУТАГ МИНУ
Говийн бэсрэг намхан уул, толгодын оройгоос дөрвөн зүг, найман зовхист ахуй бүхэн алган дээр тавьсан лугаа илхэн агаад очих бүр энэ бие орчлонгийн элдэв явдлаас ангижрах мэт, басхүү энэ нас юутай хумхын төдий болохыг эрхгүй ойлгох буюу. Хамаг олны сэтгэлийн соронзон болсон хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул, Говь мэргэн вангийн хамгийн өндөр Хутаг уул, тэргүүн тахилгат Баянбогд, нэгэн цагт төв Азийн буддын гүн ухаантнуудын мөрөөдөл байсан Чойрын богд уулс сүр хүчин, адистид жанлав, хувилгаан чанар юугаараа бишрүүлэн залармой. Дэлхийн түүх соёлын үнэт өв, газрын эрчис, номын увдис, нарны илч нэгэн цэгт хурсан Шамбалын орон, Өвөр Хамарын хийдийн орчмын ариун дагшин тогтоц, даян бясалгал хийж ертөнцийн нүгэл хилэнцээс гэтлэх адистид бүхий Бүрдэнэ булаг, олон арван эрүүлжүүлэн эмчлэх ид шидэт элс, чулуу, рашаан ус буй. Эдүгээ цаг дор хүмүүс байгаль эхийнхээ амьд сүнслэг чанарыг хэдийнэ мэдэрч, ариун дагшин уул ус лугаа бие сэтгэлээр холбогдохыг хүсэн, оюун санааны гэгээрлийн зүг эргэх болж буй нь юутай сайшаалтай. Адистид жанлав оршоосон ариун догшин нутаг мину.

НЭГЭН ЗҮЙЛ. УТГА УЯНГА, ЯРУУСЛЫН ОРОН НУТАГ МИНУ
Ээрэм талын дунд бараа бараагаа харан хань татах уул толгодын зүс нь ихэр, нэр нь ижил, хос хосоороо. Хос юм гэдэг цаанаасаа утга уянга, айзам хэмнэлтэй ажу. Ар, өвөр цайдам, их бага Зүрх хайрхан, баруун зүүн Жаргалант, арван гурван хонгор гээд л хөврөх аж. Алсаас барааг нь харж, аниргүй нам гүмийн чимээг нь сонсон суухуй аяндаа сэтгэлийн утас хөндөж, хорвоогийн явдал, утга учрыг эргэцүүлэхэд хүргэмүй. Газар усны нэрс нь яруу сонсголонтой. Алаг эргийн толгой, Ашиг хоргын чулуу, Бүлээн булгийн овоо, Бүрдэний элс, Идэр майхант, Их дулаан уулс, Хармагтайн говь, Хайлсан өндөр, Цагаан суварга, Цайдмын хөндий, Эргэлийн зоо, Энгэр сухайт гээд л толгой холбогдоод, ая эгшиг сүлэлдэх авай. Ийм их ярууслыг харж, сонсож өссөн хүмүүс билэг авьяас төгөлдөр байхаас ч аргагүй биз. Захын малчин залуус яруу найргаар хэлэлцэж, хөгшид хууччуул нь утга учир, мөн чанар гээчийг зүрх сэтгэлд хоногштол хөөрөлдөх нь гайхам. Бага сургуульд сурч байх үед л дундад зууны үеийн утга зохиолын гол төлөөлөгчид бол Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа, Хуульч Сандаг, Цанид ловон Шагдар нар юм гээд заахад бүгд яагаад манай нутагт төрсөн хүмүүс байдаг юм бол гэж гайхдаг сан. Эртнээс их бичгийн хүмүүс, шидийг олсон Егүзэр, хутагт нар төрөн гарсаар ирсэн энэ л хөрсөн дээр эдүгээ ч эрдэмт мэргэд, утга уянгын мастерууд мэндэлж, тив дэлхийн энгээр алдраа дуурсгах нь бахархалтай. Утга уянга, ярууслын орон нутаг мину.

НЭГЭН ЗҮЙЛ. ҮЛ МАРТАГДАХ НУТГИЙН АРАНШИН, СЭТГЭЛ ЗҮРХНИЙ СОРОНЗОН МИНУ…
Үдийн өмнө сэвхийх салхигүй нам гүм, цэлмэг тогтуун байснаа үдийн хойно гэнэт харанхуйлан шуурч тэнгэр газар нийлнэ. Заримдаа эхэлсэн шигээ гэнэт тогтож, саахалтын тэртээгээс царцааны чимээ дуулдмаар нам гүм болно. Хаврын цагт бол хэдэн хоногоор түйрэн буцалж, зуух яндан хонгинож, өрхний үзүүр дээвэр балбан, хээр талаар нэг том том хамхуул дэгдэн өмнө зүг нүүлдэнэ. Төв газар бол шуурганы дараа хашаатай чацуу элс хунгарлаж, энд тэнд дээврийн төмөр, салж хийссэн хашааны хаалга сэлт хөндөлсөх нь энүүхэнд. Хаврын хавсаргаар салхи сөрөн хичээлдээ явна гэдэг дайнд явах лугаа хүч чадал эр зориг шаардах боловч, уруу таарвал зарим үес хөл газар хүрэхгүй өргөгдөж түлхэгдэн, хөөгдсөөр хормын төдийд гэртээ харьдаг сан. Зуны аагим халуун өдрүүд бас л яггүй, өөр газрын зочид гийчид бол байж суух газраа олж ядан байх шиг санагдана. Өдрийн наран дэргэд мэт хэдэн цаг төөнөсөөр баруунаа хэвийн их талын хэвгий рүү шингэвч, газрын хөрсөнд шингэсэн халуун илч төөнөсөөр шөнө дунд өнгөрч сая сэрүүн салхи сэвэлзэхийг мэдрэх үе бишгүй тохиолдоно. Хавар, зуны тэр өдрүүд үнэндээ хур борооны хүслэн, хүлээлтээр хэмжигддэг гэлтэй. Томчууд “Баруунаас үүлшээд эхэллээ, гарцаагүй борооны үүл бололтой, битгий л салхи гарч хөөчхөөсэй” хэмээн залбирах нь халаг, баярын магнайгаа тэнийлгэн орж гарах, харин бид бороо дуслаад эхэлмэгц л хэмжээлшгүй аз жаргалт, баяр хөөртэйгөөр дуулалдан тэртээх солонгын зүг эцэж цуцахыг мартан гүйцгээх… Хааяа нэг тохиох тэр нартай зөөлөн бороо яаруу гэгч нь дайраад өнгөрөхдөө амьтай бүхэнд баяр жаргал бэлэглээд буцдаг юм. Хүн байгалийн гайхамшигт энэ тогтолцоо хийгээд шүтэлцээг харин би сүүлд Улаанбаатарын зун, намрын заагт ордог үргэлжилсэн шиврээ борооноос уйдахдаа, Москвагийн эцэс төгсгөл нь хаана байгаа нь үл мэдэгдэх тэр уйлагнасан бараан тэнгэр доор гунигт автан суухдаа сая нэг ойлгож билээ. Үүлгүй тэнгэрээс шүхэрлэх болор дуслууд, гантай хөрсөнд шингэн дэгдэх хурын бүлээн чийгний үнэр гээд үгээр илэрхийлэх аргагүй тэр сайхан мэдрэмж Сайншандаас минь өөр газар байхгүй мэт санагдана. Өвөл ирэхгүй мэт өнө үргэлжлэх намрын налгар өдрүүд хийгээд өвлийнх нь өнтэй дулааны тухайд өгүүлэх ч хэрэггүй биз ээ. Өвлийн ид хүйтэн өдрүүдэд нийслэлээс нутаг руугаа хаяа хааз гишгэн давхиж очиж нэг сайхан дулаацаж аваад хоргодон хоргодон буцах юутай сайхан. Үл мартагдах нутгийн араншин, сэтгэл зүрхний соронзон мину…

НЭГЭН ЗҮЙЛ. ТӨРСӨН МЭТ ОЙР САНАГДАХ НУТГИЙН ТҮМЭН МИНУ
Уудам тал маань угаас үзэсгэлэнт сайхан тогтоцтойн зэрэгцээ дээдэс буурлын нутгаа хүмүүн заяанд онож төрсөн саруул ухаант хүн ардынх нь хайр бахархал, оюун ухаан, хөдөлмөр зүтгэл энэ нутгийн сэтгэл татам байдлыг бас нэгэнтээ тодотгомуй… Тал нутгийн тогтоц оршихуй өдөрчийн газраас нүднээ ил цэлийхийн адил талын хүмүүсийн бодол санаа ил цагаан, саруул цэцэн, энгүй эгэл харагдах нь үгээр илэрхийлэх аргагүй ээ. Сая сая жилийн салхи, аагим халуун, усны ховор, ургамлын тачирт дасан зохицож, байгаль дэлхийтэйгээ амин хайраар
холбогдон, шалгарсаар, хатаагдсан ган болд лугаа хатуужилтай, элсэн говийн ингэ шигээ уян зөөлөн болсон тэр хүмүүсийг хайрлахгүй байхын аргагүй… Холын хүнийг бөөрөлхөж, гадуурхаад байхгүй, явган бол унааны ганц морь бариад өгчих, унаатныг бол тосон авч, түшин мордуулах уужим гүдэс сэтгэлтнүүдийн орон доо. Ялангуяа хөдөө нутгийн малчин түмнийхээ даанч гүдэс, энгүүн сайхныг улирах цагийн аясаар уяран санаж сууна. Харин сүүлийн жилүүдэд амин хайртай нутаг усыг нь ухаж сэндийчих буруу санаатнуудын хөл хөдөлгөөн ихэссэнээс болж зүс үзээгүй хүнтэй харьцах тал дээр удмын эгэл элгэмсэг зан нь бага зэрэг өөрчлөгдөж байна уу даа гэлтэй. Холын хүнтэй тааралдвал ихэд сэрдэнгүй янзтай, сайтар асууж хөөрөлдөж байж бодол санааг нь тандаж мэдсэний эцэст сая сэтгэлээ нээн хөөрөлдөх болсон шиг санагддаг. Ерөөс нь манай говийнхон тун даруу, үеийн үед хүндлэн дээдэлсэн, сүсэглэсэн бүхнээ ам булаалдан шагшин дуулаад байдаггүй. Байгальдаа оршин буй чигээрээ эгэлхэн бөгөөд элгэмсэгээр дурсаж, сэтгэлдээ тээн явдаг юм. Эрдэнэсээ, эрдэмт мэргэдээ сурталчлаад, өөриймсөөд байхаас илүүтэй дотроо хайрлан суух аж. Тиймдээ их мэргэдийн өв соёл, зохиол бүтээл цөвүүн цагийг гаталган энэ бидний үед иржээ. Хаалгаа нээлттэй орхисон хөдөөний айлаар нь орж цай унд уугаад гарцгаадаг уламжлагдаж ирсэн сайхан ёс заншил эдүгээ байгалийн баялагт санаархагчдын хөл хөдөлгөөн хөдөө нутагт ихэссэнтэй холбоотой устан үгүй болж байгаа бөгөөд аймгийн өмнөд хэсгийн сумдуудаар л үлдсэн байна. Мал сүргийг хоньчлон хариулахгүй, тэр тусмаа бод малыг бол сураг чимээгээр л хариулна. Малын эрэлчин тааралдвал “хэдэн сарын өмнө танай хойд цайдамд байсан юм, өнгөрсөн намар тийшээ гарсан сурагтай” гэхчлэн сураглах нь гайхалтай, удахгүй хэдэн айл дамжиж явсаар хэд хоног, заримдаа хэдэн долоо хоногийн дараа олоод ирэх нь ч бий. Адуу малаа сүүлтэй, сүүлгүй чононуудаас сэргийлэн хоньчлон хариулах хангай нутгийн хүн бол сонсоод үл итгэх биз. Дэлхийн хаана ч байхгүй энэ мал маллах арга хэлбэрийг гагцхүү говьд төрж өссөн хүн л ойлгох болов уу. Төрсөн мэт ойр санагдах нутгийн түмэн мину…

Х.ЭНХТАЙВАН

ЭХ СУРВАЛЖ: “GOBI JOURNAL”

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published.