Т.АМАРЗАЯА: ИРГЭНИЙ НИЙГМИЙН АЖИГЛАЛТ БОЛ ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙН ЧУХАЛ ҮЙЛ ЯВЦ

 Т.АМАРЗАЯА: ИРГЭНИЙ НИЙГМИЙН АЖИГЛАЛТ БОЛ ИРГЭДИЙН  СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙН ЧУХАЛ ҮЙЛ ЯВЦ

Энэ жил сайн дурын ажиглагч нар сонгуулийн үеэр орон нутагт ажиллах болсон тухай “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяатай ярилцлаа.

-Залуусын оролцоог дэмжих, сонгуулийг шударга зохион байгуулах зорилгоор сайн дурын ажиглагч нарыг бүртгэж байгаа гэсэн. Хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?

-Бүртгэл явуулснаас хойш 24 цагийн дотор 80, гурав хоног өнгөрөхөд 150 гаруй хүн бүртгүүлжээ. Тэдний 90 хувь нь өмнө нь сонгууль ажиглах үйл явцад оролцож байгаагүй гэж хариулсан байна. Энэ нь нэг талаар сонгогчдын боловсрол дээшилж, залуус сонгуулийн үйл явцад анхаарлаа хандуулдаг болсныг илтгэж байгаа юм болов уу хэмээн олзуурхан хүлээж авч байгаа. Хэрэв өмнө нь оролцож байсан хүн л бүртгүүлээд байвал энэ талаарх ойлголт нийтэд хүрээгүй байна л гэсэн үг шүү дээ. Иргэний нийгмийн ажиглалтыг залуус сонирхож байна гэсэн үг. Олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, идэвхжүүлэх, шударга сонгууль зохион байгуулахад хувь нэмэр оруулах зорилгоор сайн дурын ажиглагч нарыг бүртгэж, сургалт зохион байгуулдаг юм. Энэ ажлыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага 2012 онд анх гардан зохион байгуулахад нь бид хамтарч байлаа. Түүний дараа “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаа 2014 онд үүсгэн байгуулаад, 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сайн дурын ажиглагч нарыг бэлтгэх ажлыг албан ёсоор хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд давтагдсан тоогоор 500 гаруй иргэний нийгмийн ажиглагчийг бид хамтран бэлтгэжээ.

-Ямар онцлогтой зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ. Хорио цээрийн дэглэмийг сонгуулийн үеэр сунгах, эсэхээс шалтгаалж, зохион байгуулах үйл явцад өөрчлөлт оруулах уу?

-Энэ жилийн нэг онцлог нь орон нутагт ажиллахаар төлөвлөж байна. Дархан, Эрдэнэт, Дорноговь, Хэнтий, Төв аймгаас гадна Баянхонгор, Өвөрхангайн аль нэгт нь ажиллана. Бүс болгоноос нэг аймаг сонгох гэж хичээсэн. Хөл хорионы дэглэм сунгагдсан учир гарч болох эрсдэлүүдээ тооцоод дээрх аймгуудыг сонгосон юм. Ховд аймагт ажиллах сонирхолтой байсан ч тухайн аймгаас орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлачихвал хүндрэлтэй. Хотод 200, орон нутагт нь 30 ажиглагч таван баг болж ажиллана. Нэг санал авах хэсэгт хоёр хүн байна. Ингэхдээ ээлжээр буюу 07.00-15.00, 15.00-22.00 цаг хүртэл ажиллах юм. Зарим ажиглагч өөрөө хүсвэл бүтэн өдөр ажиглаж болно. Зарим тохиолдолд тухайн ажиглагчийн хүсэлтээр өглөө болон оройны бүх үйл явцыг хянахыг зөвшөөрдөг. Гэхдээ ажиглалт хийх нь маш хариуцлагатай ажил. Өөр нэг онцлог зүйл нь шалгах хуудас (check list)-аа цаас бус, цахим хэлбэрт шилжүүлж сан бүрдүүлэх гэж байгаа. Сонгуулийн байрны нээлт, өглөө цагтаа эхэлсэн үү, хар машины лац бүрэн, эсэхийг шалгах хуудсандаа тэмдэглэнэ. Мөн хэдэн хүн санал, гомдол гаргасан, согтуу хүн санал авах байранд орж ирсэн, нас барсан хүний нэр дээр бүртгэсэн зэрэг зөрчил гаргавал ажиглагч цаг минуттай нь тус хуудсандаа бүртгэж бичдэг юм. Үүнээс гадна санал тоолох, дүн гаргах үйл ажиллагааг хянаж, тэмдэглэдэг. Энэ тэмдэглэлүүдийг программд оруулж шивдэг байсан бол одоо цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна. Ингэснээр тухайн ажиглагчийн ажиллаж буй хэсгийн хороонд юу болж байгааг цаг алдалгүй мэдээлж, хугацаа, хөрөнгө хэмнэх зэрэг боломж бүрдүүлж буйгаараа өмнөх жилүүдээс ялгаатай. Түүнчлэн зөөврийн санал авах ажиллагааг ажиглах саналыг СЕХ-нд тавих төлөвлөгөөтэй байна. Тусгаарлалтад олон хүн байна. Тэдний сонгох эрхийг зөрчиж болохгүй шүү дээ.

-Энэ талаарх саналаа СЕХ-нд хүсэлтээ хүргүүлчихсэн үү?

-Олон улсын ажиглагчид Монгол Улсын сонгуулийн үйл явцыг олон улсад мэдээлдэг. Энэ удаа тэд ирэхгүй байлаа гээд нэг их ноцтой өөрчлөлт гарахгүй байх гэж бодож байна. Бидний ажилд айхтар нөлөө байдаггүй учраас нарийн хэлж мэдэхгүй юм. Намууд дунд иргэний нийгмийн ажиглагч суучихаар хоорондоо тохиролцох, зөвшилцөх зөрчил гарахгүй байхад нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Нам бус хүн тэмдэглэлээ шударгаар хийдэг учраас нам, эвслийн ажиглагчид гарцаагүй байдалд орчихдог байх. Энэ утгаараа иргэний нийгмийн ажиглалт хийсэн 100 хэсгийн хороонд ноцтой зөрчил гарч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Дээр дурдсан нийтлэг зөрчил л гардаг. Сонгуулийн санал авах үйл ажиллагаанд согтуу хүн саад учруулах, бүртгэл хийлгээгүй байх, хурууны хээ уншихгүй, хаяг давхардсан, нэр нь байгаагүй, зарим тохиолдол хяналтын тоо зөрөх зэрэг нь нийтлэг зөрчилд багтана. Саналын тоо зөрсөн бол дахиж тоолоод зөрчилгүй гэдгийг нотолж байж л ажигчлагч нар маань санал хураах байрнаас гарч ирдэг дээ.

-Ажиглагч хийхэд ямар хүндрэл үүсдэг вэ?

-Тухайн хэсгийн хорооны ахлагчийн ёс зүй, харилцаанаас хамаараад заримдаа асуудал үүсдэг. Хуульд заагаагүй бичиг баримт нэхэх, бүртгэж авахгүй байх зэрэг нь хүндрэлтэй. Энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороонд утсаар мэдэгдэнэ.

-Ажиглалт дууссаны дараа нэгдсэн дүнгээ СЕХ-нд өгдөг үү? Гарсан гомдлуудыг хаана мэдээлдэг вэ?

-Тус хороонд гомдол гаргаад байдаггүй. Харин саналуудыг нэгтгэж дуусаад хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлдэг. 100 хэсгийн хороонд ажиллахад ийм зөрчил гарлаа гэж танилцуулдаг.

-Олон нийтэд мэдээлснээр ямар үр дүн гардаг вэ?

-Сонгууль үнэхээр шударга явагдсан эсэхэд иргэд эргэлзэж байсан бол тэр эргэлзээ нь тайлагддаг байх. Бидний зорилгын нэг хэсэг бол сонгуульд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох. Тэгэхээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийн манаанд зогсож, сонгуулийн үйл явц ямар болсныг мэдээлэх нь иргэдэд итгэл найдвар өгдөг байх гэж найдаж байна.

-Ажиглагч бол маш хариуцлагатай ажил гэдгийг та дээр дурдсан. Ажиглагч ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээдэг талаар сургалт явуулдаг уу?

-Эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн хүн бүрийг ажиглагчаар бүртгэж болно гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 67.2-т тусгасан. Харин бид нам бус, сайн дурын, 18 нас хүрсэн байх зэрэг шаардлагыг нь харгалзаж бүртгэж байгаа. Бүртгэл дууссаны дараа сургалт явуулдаг. Ажиглагч нь хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах,хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж, хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол бүртгэл нь хүчингүй болж, санал авах байрнаас гарна. Түүнчлэн сонгуулийн хэсгийн хорооны ажилтан ч ажиглагчаас хуульд заагаагүй бичиг баримт авах эрхгүй гэдгийг тайлбарладаг. Үүнээс гадна баг багаар нь хувааж, гурван сэдвийн хүрээнд цахим сургалт явуулна. Шалгах хуудас бөглөх тухай сургалтыг заавал танхимын сургалтаар заахгүй бол болохгүй. Танхимын сургалт явуулахдаа Улсын онцгой комисс болон ЭМЯ наас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөөд нэг дор гурваас дээш хүн цуглуулахгүй гэж төлөвлөж байна. Энэ жилийн нэг олзуурхууштай зүйл нь санал авах үйл ажиллагааг зардал багатай, эмх замбараатай явуулах болов уу гэж харж байна.

-Танай байгууллагыг сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийг тань мэднэ. Энэ жил юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэний нийгмийн ажиглалт төслийн хүрээнд Ажиглагч нараа алдаршуулах цахим аяныг эхлүүлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд сайн дураар ажилласан хүмүүсийг цахим орчинд алдаршуулснаар бусад залуу сонгогчдыг идэвхжүүлэхэд сайнаар нөлөөлнө гэж найдаж байна. Мөн сонгох эрхээ хамгаалах, шударга сонгууль зохион байгуулахад хяналт тавих нь иргэний үүрэг гэдгийг залууст ойлгуулах ач холбогдолтой. Залуус өдөржингөө санал авах байранд суух амаргүй. Тэглээ гээд цалин авахгүй. Гэхдээ ажиглагч юуны төлөө тэгж суугаад байгааг нь бусад хүн ч гэсэн мэдвэл сонгуулийн оролцоо, идэвх нь нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Үүнээс гадна “Улс төр ба мөнгө” хөтөлбөрөө хоёр дахь жилдээ хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хуулийн мониторинг хийхээр төлөвлөсөн. 2016-2020 оны хооронд УИХ-ын гишүүд ямар хууль баталж, санаачилсныг нийтэд танилцуулахыг зорьж байна. Тэр гишүүн тийм хууль санаачиллаа гэсэн мэдээ байдаг ч баталсны дараа хэн санаачилсныг нь иргэд мэдэх боломжгүй. Хууль иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас хэн ямар хууль баталсныг анхаарах хэрэгтэй. Мөн нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ нь аудитын байгууллагад хүргүүлсэн санхүүгийн тайлантай нийцэж байна уу, үгүй юү, тэр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэйгээ нийцэж байгаа, эсэхийг хянана. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан хөрөнгө их байвал хэн мөнгө өгсөн бэ гэдэг нь асуудал. Энэ мэтчилэн хөрөнгө орлогын мэдүүлэг, зарлагын тайланг нь тулгаж, аудитын байгууллагын тайлантай харьцуулахад мянга орчим нэр дэвшигчийн зардлын тайланд дүн шинжилгээ хийх шаардлага бий. Үүнийг энэ жилдээ багтааж хийнэ. Түүнчлэн одоо гаргадаг зардлын тайлан нь хэтэрхий ерөнхий учраас үүнийг боловсронгуй болгох зөвлөмжийг холбогдох байгууллагад нь өгсөн. Тиймээс энэ жилийн зардлын тайлан олон нийтэд ойлгомжтой гарах байх гэсэн хүлээлттэй байна. Ийм ажил хийснээр улс төрийн намууд санхүүжилтийн тайлангаа ил тод гаргадаг жишиг тогтох, иргэд итгэл үнэмшилтэй болох зэрэг давуу талтай. Одоо бол улс төрд итгэх иргэдийн итгэл буурч, залуус улстөрд улам дургүй болох хандлагатай байна. Бидний ажил иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, сонгогчдын боловсролд нөлөөлнө гэж үзэж байгаа. Үүнээс гадна 21 аймгийн залуусыг уриалсан кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Дуу дуулах ч юм уу, цахимд эергээр саналаа өгөхийг уриалах ажил хийхээр төлөвлөсөн. Мөн залуус цахим сүлжээнд сонгуулийн талаар чөлөөтэй ярилцах боломж бүрдүүлнэ.

-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн албан хаагчид бус, оюутан залуусаа ажиллуулах жишиг ч олон улсад байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн хэсгийн хороонд төрийн албан хаагч бус нам бус иргэд, залуус оролцуулж, урамшуулал олгодог гэсэн үг. Та үүнтэй санал нийлэх үү, хэр оновчтой шийдэл юм бол?

-Үнэхээр нам бус гэдгийг нь хянаж чадвал үр дүнтэй байж болох юм. Манай үйл ажиллагаа энэ жишигтэй ойролцоо ч гэсэн бэлэн мөнгө өгөх боломжгүй. Гэхдээ хоол, нэгжийг нь авч өгөөд, өглөө оройдоо гэрт нь хүргэж өгч, авдаг. Ийм тохиолдолд сайн дураар оролцох хүмүүс их байгаа юм чинь “цалинтай” бол залуус бүр дуртай ажиллаж магадгүй. Гол нь нам бус, эсэхэд нь анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс аль нэг намын гишүүн байх нь элбэг. Тэгэхээр аль нам эрх барьж байгаагаас хамаараад сонгуулийн ажлыг зохион байгуулахад нөлөө үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн сонгуулийн зардлыг бууруулах гэж хичээж ядаж байхад ийм хүч оруулж ирэх нэрээр зардлыг нь өсгөх эрсдэлтэй. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг бууруулаад тэндээсээ СЕХ-ны зардлыг өсгөх байдлаар зохицуулж болох юм.

-Мөрийн хөтөлбөрийг санал авахаас 22 хоногийн өмнө нийтэд ил болгож байгаа нь хэр оновчтой шийдэд вэ?

-Мөрийн хөтөлбөрийг нууц гэж үзээд ил болгохгүй нь. Санал авахаас 22 хоногийн өмнө ил болгож байгаа нь сонголтгүй сонголт хийхийг шаардаж байгаатай ижил. Уг нь эртнээс мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, дүн шинжилгээ хийх эрх иргэдэд байх ёстой санагддаг. Гэтэл мөрийн хөтөлбөрийг нь хуулиараа нууцад хамааруулж байна. Ил гаргачихал сурталчилгаа болно гэж үзээд байх шиг байгаа юм. Энэ удаа томсгосон тойргоор сонгууль зохион байгуулах учраас нэг тойрогт хоёроос гурван хүний нэрийг дугуйлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэр дугуйлсан тохиолдолд л саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Хэрэв би нэг хүнийг сонгомоор байвал яах вэ гэдгийг зохицуулаагүй. Тэгэхээр энэ жил цагаан сонголт хийлээ ч айхавтар нөлөөлөхгүй болов уу. Гэхдээ саналын хуудсаа хүчингүй болгосноос цагаан сонголт хийх нь сонгогчийн эрхээ эдэлж буй нэг чухал хэлбэр болох байх.

Эх сурвалж: “Өнөөдөр сонин”

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд