“ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

 “ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Хөөсөн бөмбөлөг салхинд үлээж, тэр бөмбөлгөө барих гэж гүйлдэх цагаан тирко, өнгийн даашинзтай охид, машин, ролик, дугуй унан тоглох хөвгүүд Сайншандын төв талбайд бужигнана. Тэдний хувьд өдөр бүр баяр жаргалтайгаар өнгөрдөг билээ.

Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Ковид-19 цар тахлын хөл хориотой өнөө цагт Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран “Хүүхдээсээ асууя” нөлөөллийн арга хэмжээг 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөрөө дамжуулан хэрэгжүүлж эхэллээ. Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд Хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан “Хүүхдээсээ асууя” нөлөөллийн аяныг дэмжсэн эцэг эхчүүд, охидын хэлсэн үгийг манай редакци уншигч та бүхэнд дамжуулж байна.

Б.БАТ-ОРГИЛ: Ажлын өдрүүдэд хүүхдүүддээ цаг зав төдийлөн гаргаж амждаггүй. Амралтын өдөр харин гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа дуртай зүйлүүдийг нь хийдэг. Манай ихэр охид зураг зураг дуртай. Хүүхдийнхээ хүсэж, мөрөөдөж байгаа зүйлийг нь сонсохгүй, анхаарал хандуулахгүй бол тэд маань амархан гомдчихдог. Харин хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж, тоглох, хичээл хийх үед маш их баярладаг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хүүхдийнхээ бяцхан ертөнцөд хөл тавьж, хамтдаа хөгжиж, гэрэлт ирээдүйг нь бүтээлцэж, мөрөөдлийг нь сонсоцгооё хэмээн эцэг эхчүүддээ уриалж байна.

Э.ЦЭВЭГСҮРЭН: Би хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаардаг. Хүүхдээ шүүмжлэхдээ ингэж болохгүй, тийм зүйлийг хийж болохгүй гэж загнахаас илүүтэйгээр бүх зүйлд үлгэрлэхийг хичээдэг. Буруу зүйл хийх үед нь загнахаас урьтаж асуудлыг тайлбарлаж өгөхийг оролддог. Манай хүүхдүүд өөрийн хүсэж буй зүйлээ ээж, аавдаа илэрхийлэхдээ, ойлгуулахдаа маш сайн. Бид хоёр ч гэсэн хүүхдүүдээ ойлгож, боломжтой үедээ чөлөөтэй ярилцахыг эрмэлздэг. Нийт эцэг эхчүүддээ хандан уриалахад хүүхдээ зэмлэж, загнахаасаа урьтаж хүүхдээсээ аливаа асуудлыг нь, хэрэгцээг нь асууж сурцгаая.

Хүүдүүдийн төлөөлөл

ХҮҮХДҮҮД: Надад ямар нэгэн асуудал тулгарвал аав, ээжтэйгээ ярилцдаг. Эцэг, эхтэйгээ ярилцсанаар асуудлыг хэрхэн даван туулах вэ гэдэг тал дээр чадвартай болдог. Багаасаа хүсэл мөрөөдлөө ярилцаж өссөн болохоор одоо ч миний мөрөөдлийг маш сайн мэднэ. Харин заримдаа намайг сонсохгүй, ойлгохгүй үед жаахан гомддог. Аав, ээждээ хандаж хэлэхэд миний төлөө хийсэн бүхий л зүйлд баярладаг шүү. Хийхийг хүссэн зүйлийг минь ойлгоод, дэмжих үе хамгийн гоё байдаг. Удахгүй болох баярыг угтаад аав, ээждээ хайртай шүү гэж хэлмээр байна.

Хүүхэд бүрийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр бол яалт ч үгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн баяр билээ. Баярын өдрөө хуруу даран тоолж байгаа бяцхан хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөөд ханатлаа тоглож цадатлаа иддэг бол зарим нь уут, уут бэлгээр бялхах өдөр тохиодог. Харин эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн баярын өдөр баярлуулах биш өдөр бүр тэдний дуу хоолойг сонсож, хийхийг хүссэн зүйлсийг нь хамт хийж, хайр халамжаа мэдрүүлэн, хүсэл мөрөөдлийг нь хамтдаа биелүүлэх нь чухал аж. “Хүүхдээсээ асууя” аяны хүрээнд хүүхдийг загнахаасаа өмнө шалтгааныг нь асуудаг болъё. Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож ирээдүйг нь хамт бүтээцгээе хэмээн уриалж байна.

У.Энхболдын гэр бүл
З.Бямбачулууны гэр бүл

Эх сурвалж: “Өнөөгийн Дорноговь” сонин

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд