Ө.СУГАР: ГОВЬ НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ

 Ө.СУГАР: ГОВЬ НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ

“МҮХАҮТ-ЫН 60 ЖИЛИЙН ОЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ЗОРИУЛАВ”

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Далай бумбат” хэмээх газар найман хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болон мэндэлсэн хүү бол Өлийхутагийн Сугар юм. Тэрбээр 1964-1972 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бага, дунд сургуульд суралцан наймдугаар анги дүүргэжээ. Улмаар 1972 оноос Эрдэнэ суманд мал маллаж байгаад 1975-1978 онд цэргийн албанд татагдан Ховд аймгийн 123-р ангид алба хаасан байна. 1978 онд МХЗЭ-ийн илгээлтээр Дорноговь аймгийн Мандах сумын “Цагаанцав” ногоо бригадаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 12 жил тасралтгүй ажилласан байна. Энэ л цагаас ирээдүйн амжилтын үрийг суулгаж байсан гэлтэй. 1990 оноос одоог хүртэл хувиараа газар тариалан эрхэлж байгаа Монгол Улсын тэргүүний тариаланч Ө.Сугартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. Танд алтан намрын налгар өдрийн мэнд. Ногоо тариалах болсон тэр үеийн дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?

-Та бүхэн сайхан намаржиж байн уу. Би Эрдэнэ суманд төрсөн. Мандах сумын “Цагаанцав”-аас газар тариалангийн ажлаа эхлүүлж байсан. Тэр үеэс л ногоо тарих дуртай болсон. 1978 онд цэргээс халагдаад Мандах сумын Цагаанцавд анх ногоочноор ажиллаж байгаад 12 жил дезилчин хийсэн. 1990 оноос эхлээд газар тариалан хувиараа хийж эхэлсэн. Анхнаасаа л зөвхөн тарвас тариалсан. Сүүлийн 20 гаруй жил Зээгийн хөтөлд тарвас тариалж байгаад сүүлийн үед жимс, хүнсний ногоо тариалж байгаа. Газар тариалан эрхлэх сонирхолтой, өөрөө дуртай байсан болохоор олон жил тасралтгүй ажиллаж байна.

Газар тариалангийн бизнес эрхлэх үедээ хэдэн настай байсан бэ. Сонирхолтой санагдаж байна. Харьцангуй сүүлд хувиараа ногоочин болсон байна шүү дээ. Энэ нь тухайн үеийн ажлын үр дүнд нөлөөлнө биз дээ?

-40 орчим наснаасаа эхлээд л өөрийнхөө бизнесийг хийсэн дээ. Сүүлийн үед газар тариалан эрхлэх сонирхолтой залуучууд олон болж байна. Залуу, хөгшин гэлтгүй бизнес эрхлэх боломжтой шүү дээ. Анхлан ногоо тарьж байгаа залуучуудад хандан туршлагаасаа хуваалцахад үрээ зөв сонгож, газраа хагалахдаа анхаарах хэрэгтэй. Хөрсөө хамгаалахгүй бол ургац хураахгүй шүү дээ.

-Таны хувьд туршлага гэдэг мэргэжлийн байхаас илүү суурьшжээ. Харин гэргий тань мэргэжлийн ногоочин гэсэн. Та хоёр яаж танилцаж байв. Ногоо та хоёрыг учруулчихав уу?

-Би мэргэжлийн ногоочин хүн биш. Манай гэргий мэргэжлийн ногоочин. Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн сургуулийн жимс ногооны анги төгссөн. Дорноговь аймгийн ногооны чиглэлээр анхны төгсөгчдийн нэг. Илгээлтийн эзнээр “Цагаанцавд” хуваарилагдан ажиллаж байх үедээ ханьтайгаа танилцсан. Тэр цагаас л олон жил хамтдаа ногоо тариалж амьдралын хатуу хөтүү, жаргалтай үеийг туулсаар явна даа. Үр хүүхэд минь үр тариа шиг ургаж том болсон.

Олон жил ханьтайгаа хамт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж яваа танаар бахархаж байна. Энэ хугацаанд дотроо бодож санаж явсан эрхэм зорилгоо хуваалцана уу?

– Тэгэлгүй явах. Олон жил ажиллахдаа нэг ч удаа шантарч үзээгүй. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг даван туулах ёстой. 40 гаруй жил ногоо тариалахад олон саад бэрхшээл тулгарна шүү дээ. Шантрахгүй, зогсолтгүй л хөдөлмөрлөсөөр байна. Ногоо тарих шиг сайхан зүйл үгүй. Зорьсон л бол зорилгодоо заавал хүрэх нь миний эрхэм чанар. Үр дүнгээ үзэхийн тулд хөлс дуслуулан ажиллах учиртай. Болохгүй зүйл, чадахгүй юм гэж үгүй шүү дээ. Саад, бэрхшээлийг даван туулах тусам илүү туршлага мэдлэгтэй чадвартай болж үр дүнд хүрнэ гэж боддог. Миний хань бас ижил бодолтой. Бид хамтдаа хөдөлмөрлөж байгаа нь энэ өндөрлөгт хүргэсэн. Одоо манай гэр бүлийнхэн бүгд ногоо тариална. Ач, зээ нар хүртэл ногоо тарих дуртай. Өвөө, эмээдээ их тус болно. Ногоо тарих бол үнэхээр гайхамшиг. Тарьчихсан зүйлээ ургуулах мөч гайхалтай. Хүн цэцгээс төрсөн гэж ярьдаг. Хутагтын энергийн нутагт ногоо тарих нь ажил амьдралыг минь тэтгэж байгаа гэж боддог.

Өндөрлөг гэснээс энэ өндөрлөгт хүрэхэд байнгын үйлчлүүлэгчид таны нэг шат болсон байх. Аливаа бизнес эрхлэхэд үйлчлүүлэгч гэдэг хамгийн чухал. Нутгийнхан таныг андахгүй юм. Энэ нь бас таны нэг амжилт. Тийм үү?

-Нутгийн түмэн олныхоо хэрэгцээг хангаж, хөдөлмөрлөж байгаа даа үргэлж баярлаж явдаг. Маш зөв асуулт. Манай нутгийнхан намайг сураглаад л ирдэг. Ямар сайндаа манай гэрийнхнээс авахгүй зөвхөн надаас л тарвас худалдаж авдаг гээд бод л доо. Зөвхөн нутаг гэхгүй би Улаанбаатар хот руу нийлүүлэлт хийдэг. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банк, Магнай трейд, Таванбогд компаниуд байнга худалдаж авдаг. Өөр олон хувь хүн бий. Жил бүр тарвас хүлээгээд, намайг сураглаад, надаас л тарвас авдаг хүмүүстээ баярлаж явдаг шүү.

-Таны олон жилийн хөдөлмөрийг төр, засаг, аймаг, сум үнэлж олон шагнал өгч байж ээ. Хамгийн сонирхолтой нь дандаа хос медаль харагдаж байна. Хос медалиар хосоороо энгэрээ мялаалгаж тэр агшин сайхан уу. Хамгийн хүндэтгэлтэй шагналаа дурдана уу?

-Анхны шагнал Эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэх авч байсан. Хамгийн том шагнал бол 1981 онд “Тэргүүний тариаланч залуу” хос алтан медаль авч байсан. Анхны шагнал л хамгийн үнэ цэнтэй байдаг даа. Гэр бүлийн хүнтэйгээ дандаа хос медаль авах тэр мэдрэмж бол үгээр хэлэхээргүй сайхан байдаг.  Бид 40 гаруй жил ажиллахдаа аваагүй шагнал гэж алга даа. Үүний дараа  говь нутгаас 2016 онд Монгол Улсын тэргүүний тариаланч болж байлаа. Ер нь говьд ногоо тарина гэдэг амаргүй л дээ. Манай аймгийн хэмжээнд Улсын тэргүүний тариаланч хоёр л байдаг.

Манай улсын хувьд хангай нутагт л ногоо, тариа элбэг байдаг. Харин говьд төдийлөн олон тариаланч байхгүй гэдгийг та дээрх хариултаар хэлсэн. Аймгийн хэмжээнд хоёр Улсын тэргүүний тариаланч байдаг гэлээ. Улсын тэргүүний тариаланчийн өөрийн гэсэн арга барил гэж байдаг уу?

– Ургамал, ногоо тариалахад маш их хүч хөдөлмөр шаарддаг. Ногоо ургуулна гэдэг навч ургуулахын нэр биш. Нэг төмснөөс хэдий хэмжээний ургац авахыг тооцоолж 60-70 хувь үржүүлж авахгүй бол төмс тариалсан гэж ярилтгүй. Өдөр бүр ногоочдын ажил өрнөдөг. Зэрлэгийг нь зулгааж, хөрсийг нь судалж өгдөг. Манай говийн хөрс бол тоосго хийдэг шавар шүү дээ. Тиймээс байнга бордож, торддог. Жил бүр 2-3 га газар ногоо тариалдаг. Сүүлийн жилүүдэд хоёулханаа болохоор хүч хүрэхгүй байна. Ажиллах боловсон хүчин ч олдохгүй юм. 2004 онд хамгийн их ургац хурааж авч байлаа.

-Газар тариалан эрхлэхэд ямар нэгэн зээлд хамрагдаж байсан уу. Ер нь газар тариалан эрхлэгчдийг төр засгаас ямар бодлогоор дэмждэг вэ?

-Би газар тариалан эрхлэхдээ нэг ч удаа зээл авч байгаагүй. Аймгийн жижиг дундын төслөөс 11 сая төгрөгийн зээл авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. Манай аймгийн хувьд газар тариалан хөгжихөд хүндрэлтэй. Мэргэжилтэн, салбарынхан ажлаа мэддэггүй. Аймгийн хэмжээнд 10 гаруй тариаланчид ногоо тарьж байна. Говьд тарвас тарих нь олширч байгаа ч гэсэн хятад сортын тарвас хурдан тариалж, хурдан зарахаа боддог. Би бол тэгдэггүй. Ард түмэнд чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж, байнгын хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж өдөр бүр ажлаа дуртайяа хийдэг шүү дээ. Сугар гуайн тарвас амттай гэж хэлдэг үйлчлүүлэгчдийн итгэл бол миний хөдөлмөрийн үр дүн. Муу бүтээгдэхүүнд хүнд худалдаалж болохгүй гэсэн зарчимтай.

Өөрийнхөө салбарын холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг уу. Газар тариалан эрхлэгчид зарим нь нэгдэж хоршоо байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлдэг болжээ. Энэ тухай юу гэж боддог вэ?

-Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Дорноговь дахь салбар зөвлөлийн гишүүнээр элссэн. Зөвлөлийн гишүүн байснаар өөрт тулгамддаг асуудлаа шийдүүлэхийг хүссэн. Хувиараа бизнес эрхлэгчдийг Улаанбаатар хотын үйлдвэрүүд, тариаланчдын газраар аялж байсан. Сайхан санагдсан. Туршлага судалж, өөрийн бизнест тусгах санааг олж харсан. Яг зөв. Хоршоо болоод хамтраад ногоо тариалбал ажлын бүтээмж их байх болно. Гэвч хүн бүр тус тусдаа өөрсдийн жижиг газраа бага ногоо тариалж байна. Хоршоо байгуулах гээд хэд хэдэн  хүмүүст санал тавьж байсан. Тус тусын талбайтай байсан ч гэсэн хамтраад ажиллах хэрэгтэй байгаа юм. Нэг, нэг ногоогоор дагнаж тариалж болно. Нэгдсэн хэмжээнд ургацаа хураагаад цэцэрлэг, хоолны газарт нийлүүлэхэд төр засгаас анхаарч менежмент хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Цэцэрлэгт өгч байсан удаа бий. Гэвч олон татвар суутгал хийгээд ямар ч ашиггүй байсан. Намар болохоор зөвхөн нутгийн ногоочдын ургацыг цэцэрлэгт нийлүүлдэг байхад л болох юм. Аймгийн агрономич ногоочдын тариаланг шинжээд зохион байгуулалтад оруулаад өгвөл тун  зүгээр байна. Ер нь говь нутагт газар тариалан эрхэлдэг цөөн хэдэн хүмүүст дэмжлэг, урамшуулал үзүүлдэг болох хэрэгтэй байна.

-Таны хувьд зөвхөн өөрийн гар дээрээс тарьсан ногоогоо худалддаг онцлогтой. Энэ нь ямар давуу талтай вэ?

-Би бөөндөж худалдах дургүй. Миний тариалсан тарвасыг өөр тарвастай холиод зарчих магадлалтай. Чанарын хувьд миний тарьж байгаа тарвас Оросын Казахстаны соорт болохоор тээвэрлэлт, хадгалалт сайн даадаг, чихэрлэгээрээ онцлог. Хятадын соорт манай говийн хөрсөнд хурдан болдог. Хурдан болох тусмаа хурдан мууддаг гэсэн үг.

-Цаг үеийн байдал цар тахлаас болоод улс эх орон төдийгүй, дэлхийн эдийн засгийн үзүүлэлт буурч байгаа энэ үед та бүхний бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан үйлчлүүлэгчид бага байлаа. Өглөө эрт ногоогоо зарах гээд зогсоно. Хүн байхгүй. Орой болтол зогсоход цөөн үйлчлүүлэгчид л явж байна. Мөн энэ намар ногоо бага байгаа шалтгаан нь хил хаасан учир дотоодын ногоо гайгүй зарагдаж байгаа юм. Аймагт тариалсан ногоог аймгийн иргэд зорьж авдаг болсон. Энэ жил 300 тонн төмс борлуулсан. Сэлэнгийн тарвас гэж өмнө нь зарагдаж байсан бол энэ жил нэг ч байсангүй. Учир нь Сэлэнгэ нэрээр Хятад тарвас зарж байгаа нь ажиглагдсан. Ногоочид нь өөрсдийн тариалсан ногоогоо худалдах гэхээр ченж нартай нэг дор зогсож байгаа нь бидний борлуулалтад нөлөөлж байна.

–Хятадаас хүнсний ногоо орж ирэхгүй байгаа нь дотоодын газар тариалан эрхлэгчдэд ашигтай байх гэж хараад байна. Энэ талаасаа цар тахал та бүхний бизнест нэг талаасаа давуу тал болсон уу?

-Өнгөрсөн жилүүдэд сумдаар явж зардаг байсан бол энэ жил сумдаар явахгүй Сайншанд хотын төвд худалдаалсан.Тэр талаараа ашигтай байлгүй яахав. Учир нь өөр аймгийн ногоо бага, мөн Хятадаас ногоо орж ирээгүй. Тэгэхээр зөвхөн аймгийн тариаланчдын ногоо илүү их хувь борлуулагдсан. Гэхдээ л эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад иргэдийн худалдан авалт бага байлаа. Бид ч гэсэн энэ жил бага ногоо тариалсан.

-Энэ жил бага ногоо тариаллаа гэсэн өнгөрсөн жилүүдэд хэдэн га талбайд тариалдаг байсан бэ. Ер нь хэд орчим төгрөг танай бизнест эргэлддэг вэ?

-Бид хоёр олон жилийн туршлагаар өөрсдийн гэсэн арга барилаар тарвас тариалж байна. Нэг га талбайд 10 гаруй сая төгрөгөөр ногоо тариалж намар нэг дахин нэмсэн ашиг авдаг даа. Ажил их шүү дээ. Байгалиас өрсөж ажлаа хийнэ гэдэг хүнд. Үүрийн гэгээнээр ажилдаа гараад үдшийн бүрийгээр л гэртээ орно доо. Ногоо тариалж байгаа хугацаанд салхи, шороо бага байж, үер ус, мөндөр буухгүй бол тун давгүй. Салхинаас хамгаалж мод тариад л байдаг. Нэмэргүй. Говьд газар тариалан эрхэлж байгаа ногоочдын усны асуудлыг шийдэж өгмөөр байгаа юм. Би 3000 гаруй мод тарьсан. Цөлжилт байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд маш их мод тарьдаг. Гэвч аймаг, сумаас дэмжлэг бага. Усны төлбөрийг чөлөөлж өгдөг бол сайхан байна. Цаашид хэчнээн ч мод тарих боломжтой шүү дээ. Хамгийн гол нь говийн нөхцөлд усны асуудлыг шийдэж өгөөсэй гэж бодож явдаг. Миний хувиараа худаг гаргаад 10 орчим жил болж байна. Үүнээс хойш миний амьдрал ахуй дээшилсэн. Зоорь барьсан, байшинтай болчихлоо. Таван га газартай. Ногоо  тарих нь эв, ухаан, туршлага шаарддаг ажил.  40 гаруй жил ногоо тариалах хугацаанд нэг ч жил завсардаагүй ажилласан. Өвөл амардаг. Хавар дөрвөн сард ажилд гарна. Бидэнд наадам үзэх зав байхгүй. Амрах ямар ч эрхгүй шүү дээ.
Гэрэл зураг: Г.Отгонбаатар

Tsetseg

Tsetseg

https://dmedia.mn

Радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн судалгааны сэтгүүл зүйн магистр. Өдөр тутмын сонинд гурван жил ажилласан туршлагатай.

Төстэй мэдээллүүд